Ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатай
Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд Нийслэлийн орон сууцны корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан тус төслийн бүтээн байгуулалттай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчдийн санал бодлыг сонссон юм.
Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:
-Ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж буй энэ цаг үед дулаан болоод эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг олон улсын стандартад нийцүүлж, олон улсын стандартын шаардлагыг хангаж сертификат авч буй газар алга байна. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлээд эхэлмэгц санхүүгийн механизм ямар байдлаар явах уу, барилга барьж буй аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн орон сууц барих уу, тэднийг хэрхэн чадавхжуулах вэ гэхчлэн олон асуудал тулгарч байгаа. Энэ удаа бид “Хабрид хауз” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тус компанийн хувьд дулааныг 100 хувь хэмнэж байгаа давуу талтай. Манай төслийн нэгжийнхэн энэ компанийг олон улсын стандартыг хангаж, сертификат авах тал дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн санхүүгийн мэргэжилтэн Дэвид Совер:
-Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хот. Тиймээс эрчим хүчний үр ашиг маш чухал. Орчин цагийн шинэлэг, инновацлаг технологиудыг ашиглаад, дулаан барилга барьж эхэлж буйг харахад сайхан байна. Танай улсын Засгийн газар болоод бусад байгууллага дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Цаашид илүү олон байшин баригдаад ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байна. Тохирох санхүүгийн механизмыг олж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж гэмээн төсөл илүү өргөн дэлгэр хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
“Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ:
-Гэр хорооллын газарт бохир, цэвэр усны асуудлыг бие даасан байдлаар шийдээд, нарны тусгалыг шингээх байдлаар дулааныг нь шийдсэн амины орон сууцны санхүүгийн модель, технологийн шийдлийг танилцуулсан төслийг хийж байна. Дэнжийн мянгад 1000 ам метр газарт долоон айлын орон сууц барих төслийг мөн хэрэгжүүлж байгаа. Нийт талбайн 40 хувийг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар тооцсон. Бохир, цэвэр ус нь бүгд шийдэгдсэн ногоон орон сууцны төслийн маань иргэдэд санал болгох үнэ ханш харьцангуй хямд байгаа. Аль болох хямд төсөр байхыг хичээж байгаа ч барилгын материалын үнийн савлагаа хүндрэл учруулдаг. Нийслэлийн орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөл учир урьд нь орон сууцанд амьдарч байгаагүй гэр хорооллын айл өрхийг сонгож байгаа. Манай компани Дэнжийн мянгаас гадна Жаргалантын аманд 40 айлын орон сууц барьж байгаа гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд ногоон орон сууцны олон улсын стандартыг нэвтрүүлж, дахин төлөвлөлтөөр барьж буй барилгын чанар, стандартыг дээшлүүлэхийн чухлыг Нийслэлийн Засаг даргын орлогч тодотгосон. Мөн төвийн шугам, сүлжээ хүрч буй талбаруудад гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ногоон орон сууцыг стандартын дагуу барьж, байгуулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа.
Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт зэрэг газруудад шугам сүлжээтэй болгохын дээр ногоон орон сууцыг олон улсын стандартаар нь барьж байгуулан, орон сууцны чанар, стандартын зэрэглэлийг дээшлүүлнэ.
Нийслэлийн хэмжээнд 1960 оноос өмнө барьсан орон сууцууд ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн тул дахин төлөвлөлтөд оруулж, шинэчлэн барьж байгаа. Гэтэл 1990-ээд онд барьсан зарим барилга ч ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн нь бий.
Энэ нь барилгын чанар, стандарт муу байснаас үүдэлтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар онцолж байлаа.
Цаашид Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт бүсүүдэд ногоон байгууламжтай, автомашины зогсоол хүртээмжтэй, насжилт өндөртэй, амьдралын өртөг багатай орон сууцыг барьж байж, бага, дунд болоод өндөр орлоготой иргэд ч тийш зорих нөхцөлийг бүрдүүлэх юм. Ногоон орон сууцны бүтээн байгуулалтыг дагалдан нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, спорт заал, талбай зэргийг хамтад шийдэж байж үр дүн гарна хэмээн тооцоолжээ.
Түүнчлэн орлогод нийцсэн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн бүсэд аж төрж буй айл өрхүүдийн дунд судалгаа хийх юм. Энэ жилийн хувьд хоёр газарт дөрвөн блок, 800 айлын орон сууцны барилгыг эхлүүлэхээр зорьж буй.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР