Б.Цэрэнпунцаг уулын цанын төрөлд өрсөлдөх анхны тамирчин боллоо
БНХАУ-ын нийслэлд эхлэх “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд манай улсаас Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр боллоо. Түүний паралимпын эрх өчигдөр баталгаажсан юм.
Ингэснээр Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна. Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.
Түүний бэлтгэл сургуулилтыг өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан Д.Очирсүх удирдан явуулж байна. Ийнхүү Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчинаа илгээхээр боллоо.