Д.Зоригтхүү: Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулах эрхээ авсан
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүүгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ оны нэг сард танай сургуулийн үйл ажиллагаатай БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын баг танилцсан. Энэ талаар…?
-БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг Засгийн газрын 2021 оны 10-р сарын 21-ны өдрийн “Их, дээд сургуулийг “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 321 дүгээр тогтоол гарсантай холбоотой манай сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Уг тогтоолын 1.3 дахь заалтад манай сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх гэж орсон байгаа.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, БШУ-ны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Санамж бичиг нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл”-ийн цогцолбор болгон төрөлжүүлэн хөгжүүлэхтэй уялдуулан богино, дунд, урт хугацааны төлөвлөлт хийх, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэн бэлтгэх, олон улсын болон дотоодын дэвшилтэт технологийг нутагшуулах, “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл”-ийн уялдаа холбоог хангах, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Орхон аймгаас “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахад зориулан олгосон 50 га талбайг БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг очиж үзсэн. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр 50 га газрын ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Уг төлөвлөгөөнд, 2025 он дуустал хичээлийн хоёр байр, оюутны хоёр байр, номын сан, инновацийн төв гэсэн зургаан барилга барихад 119 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 2026-2030 онд нэмж есөн барилга барихад 146,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан.
-Танай сургууль дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар ярина уу?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын сургалтын төв байгуулах ажлыг ХБНГУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ болон Schachtbau Nordhausen компани санхүүжүүлж байна. Энэ оны 5-р сард нээлтээ хийнэ. Агааржуулалтын тоног төхөөрөмжтэй сэндвичэн барилга барих ажлын тендер зарлахад бэлэн болсон.
2022 оны 2-р сарын 9-ний билэгт сайн өдөр Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулах эрхийн сертификатаа эцэслэн авсандаа баяртай байна. Ирэх есөн сараас сургалтаа Кембрижийн хөтөлбөрөөр явуулж эхэлнэ.
-ШУТИС манай аймагт шилжин суурьшиж, үйл ажиллагаа явуулна гэсэн яриа олны дунд явдаг. Энэ талаарх таны тайлбарыг сонсъё?
-ШУТИС ямар нэгэн байдлаар манай аймагт нүүж ирэх зүйл огт яригдаагүй. Олон нийтийн дунд тийм ташаа ойлголттой хүн хааяа тааралддаг. Зөвхөн ШУТИС-ийн зарим хөтөлбөрийг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулиудад шилжүүлэх тухай л яригдсан. 2022 оны 9 сараас гурван хөтөлбөрийг манай сургуульд, таван хөтөлбөрийг Өмнөговь аймагт байгуулагдах шинэ салбар сургуульд шилжүүлэхээр төлөвлөгөө гараад хэлэлцэгдэж байна. ШУТИС бол 200 орчим хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зарим хөтөлбөрийн давхардлыг аажим аажмаар арилгах бодлого хэрэгжинэ. Жишээ нь хайлуулах, боловсруулах металлургийн инженер мэргэжлээр суралцана гэвэл зөвхөн манай сургуульд элсэх боломжтой. Улаанбаатарт уг мэргэжлээр давхардуулан элсэлт авахгүй гэсэн үг.
-Танай сургуулийн 2022 оны зорилт юу вэ?
-Манай сургууль 2022 онд ахлах сургуульдаа Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлнэ. Мөн техникийн боловсрол олгох сургалтын тусгай зөвшөөрөл авч Политехник коллежийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Боловсролын байгууллагын менежментийн олон улсын ISO 21001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж баталгаажуулалтын аудит хийлгэхээр төлөвлөсөн. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын сургалтын төвийг нээж сургалтыг ISO 9606 стандартын дагуу явуулснаар манай сургуулийн гагнуурын сургалтыг төгсөгчид олон улсын эрхтэй төгсөх юм. Ингэснээр манай хамт олон Дэлхийн жишиг, Монголын бахархал үйлдвэрийнхээ алсын харааны зүг хоёр том алхам хийх зорилт тавиад байна.
-Баярлалаа.
Т.Батчулуун