БоловсролОнцлох

Цэцэрлэг, сургууль ковидоос сэргийлэхэд эцэг эхийн оролцоо чухал

21 аймаг, нийслэлийн нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, эцэг эхийн зөвлөлийн төлөөллийг хамруулсан “КОВИД-19”-ЭЭС СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ, ЭХИЙН ОРОЛЦОО, ДЭМЖЛЭГ” сэдэвтэй сургалт өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 10 сургууль, 10 цэцэрлэгийн нийт 60 хүний төлөөллийг оролцуулсан сургалт боллоо.

Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сан болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилттэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг хамтран хэрэгжүүлж байна.

Сургалт 14 хоногийн хугацаанд цахим хэлбэрээр орон даяар үргэлжлэх бөгөөд нийт 7100 сургагч багшийг бэлтгэнэ. “Ковид-19”-ийн халдварын үед цаашид хичээл сургалтыг тасралтгүй зохион байгуулахын тулд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, суралцахад нь тулгарч буй сэтгэл зүйн айдас түгшүүрийг хамтдаа даван туулах, сурлагын хоцрогдлын нөхөх, арилгах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр СУРГУУЛЬ-БАГШ-ЭЦЭГ ЭХ нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайдын ахлах зөвлөх М.Батгэрэл, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа (цахимаар) оролцож, ковидын халдварын үед хичээл сургалтыг тасралтгүй явуулах, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд багш-хүүхэд-эцэг эхийн зөвлөлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, оролцогчдод амжилт хүсэв.

Сургалтад оролцож буй эцэг эхчүүдэд хууль, дүрэм журам, стандарт ярихаас илүүтэйгээр гэр бүлийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, дархлааг дэмжих, хүүхдийн нийгэмшил, сэтгэл зүйд тулгарч буй сөрөг нөлөөлөл, бэрхшээлийг хүүхэдтэйгээ хамтдаа шийдвэрлэх арга зүйг зөвлөж байгаа нь энэхүү сургалтын онцлог юм.

Сургалт 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version