TravelFocus

Тогтвортой аялал жуулчлалын төсөл дээр эрдэмтдийн саналыг сонсов

Азийн хөгжлийн банкны харьяа Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /КАРЕК/ хөтөлбөрийн хүрээнд Алтайн аялал жуулчлалын кластер буюу Казахстан, Хятад, Орос, Монгол гэсэн дөрвөн улс орныг дамнасан аялал жуулчлалын кластер бий болгох ажил явагдаж байгаа.

Энэ дагуу Азийн хөгжлийн банкны зээл, дэмжлэгтэйгээр манай оронд “Тогтвортой аялал жуулчлал” төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжиж эхлээд байна. Эхний үе шат нь Хөвсгөл, Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийх бүтээн байгуулалтын зураг төсөл боловсруулах ажил байв. Уг ажил үндсэндээ дууссан тул “Тогтвортой аялал жуулчлал-2” төсөл эхлэхэд бэлэн болжээ.

Тус төслийн хүрээнд 2022 онд Хөвсгөл, Хэнтий аймагт тодорхой бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, баруун бүсийн буюу Увс, Ховд, Баян-Өлгий аймагт газар нутгийн онцлогийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийхээр шат дараатай төлөвлөгөөт ажлууд эхлэхэд бэлэн болоод байна.

Уг төслийн танилцуулга, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй өнгөрөгч баасан гарагт (2022.02.11) БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин болон Сангийн яамны албаны төлөөлөл танилцаж, санал солилцоод, түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтын зураг төслийн хэсэгт түүхч, эрдэмтэд, олон улсын Монгол судлаачдын төлөөлөллийн саналыг сонсохоор болж дахин уулзалт товлоод байсан юм.

Тэгвэл энэхүү төлөвлөгөөт уулзалт /2022.02.13/ БОАЖЯ-ын Хаан танхимд боллоо. Хурлыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга удирдан явуулсан юм.

Уулзалтын үеэр төсөл хэрэгжих орон нутгийн Засаг дарга нар, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, БОАЖ-ын сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл, МХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, БОАЖЯ-ны мэргэжилтэн, төслийн хороо зэрэг албаны төлөөлөл байлцав. Мөн Төрийн соёрхолт, МУГЗ, ШУ-ны доктор С.Дулам, Д.Төртогтох, зураач Б.Ганзориг, МУИС-ийн Археологи-антрологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбат тэргүүтэй түүхч, эрдэмтдийн төлөөлөл оролцож, санал солилцоод Хэнтий аймагт хэрэгжих бүтээн байгуулалтын зураг төслийг дахин хэлэлцүүлэх санал дэвшүүлэв.

Тус уулзалтад оролцогчид Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд олон нийтийн оролцоо, эрдэмтэн, судлаачдыг зайлшгүй байлцуулах шаардлагатайг дурдаж байв.

Түүнчлэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхнээс нь зөв зохион байгуулалттай хийж, үнэн түүхийн агуулга, илэрхийллийг шингээж, үеийн үед уламжлагдах бахархалт бүтээн байгуулалт болбол дэлхийд үнэ цэн бий болгож чадна гэдгийг тодотгож байлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version