Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажиллалаа. Энэ үеэр Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьсан байна.
Хяналт тавихад аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмших гэрчилгээ авсан ч амины орон сууц барих зөрчил илэрсэн байна. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох газруудад албан бичиг хүргүүлжээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-аас гарсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг болон холбогдох яамд, мэргэжлийн байгууллагынхан багтаж байна. Энэ үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, газар ашиглалт зэрэг асуудлын хүрээнд оролцогчид танилцуулга хийсэн.
Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй бүтээн байгуулалтын ажил хийж байгаагаас үүдэж байгаль экологид олон талын сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн жилдээ 30-40 мянган аялагчид аялж, хог хаях зэрэг зөрчил гарч байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдсэн. Энэ бол Дархан цаазат газарт илэрч буй зөрчлийн ердөө нэг хэсэг юм.
Богдхан уулын дархан цаазат газарт гарч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн онгон төрхөөр авч үлдэхийн тулд цаг алдалгүй шуурхай ажиллах хэрэгтэйг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх онцолсон. Нэн тэргүүнд тухайн бүсэд дахин газар олгохгүй байхад анхаарч ажиллахыг хэрэгтэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.