Өнөөдөр битүүний өдөр. Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрд түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг.
Доктор, профессор С.Дулам: “Битүүн” гэдэг бол миний судалснаар ан агнуурын соёлын үеэс буюу цагаан сараас өмнө тэмдэглэдэг байсан хувь сарын ой дурсамж. Өөрөөр хэлбэл их махан тайлга хийдэг, шүүс идээгээр голлон аж төрж байсан ан агнуурын соёлын үеийн үлдэц гэж болно. Насныхаа эрэмбээр мал амьтны эрхтнүүд оноосон эзэнтэй байсан. Жишээ нь, эрэгтэй хүнд өвчүү өгч болохгүй. Өвчүү гэдэг бол эмэгтэй хүний, хатан хүний хоол шүү дээ. Дал дөрвөн өндрийг нагацын зоог, зээ нь нагацынхаа дэргэд дал барьж болохгүй гэх мэт ураг эшийн утгатай. Тийм болохоор битүүнд “битүүлэг зөрүүлнэ” гэж их ёс байсан. Үүнтэйгээ уялдаад битүүлнэ гэдэг маань өөрөө гурван утгатай. Цагийн хувьд нэг бүтэн жил эргээд жилийн шувтарга болж байна. Дээр нь тэр шөнө тэнгэрт сар гарахгүй, харанхуй битүү болж байна. Мөн энэ өдөр битүү хоол буюу шүүс идээ, битүүлэг голдуу зооглодог. Түүнчлэн тэр орой ширээ болоод ширдэгний олон бэлгэдэлтэй тоглоомоор тоглоно. Хорол, үүчүүр, зэндмэнэ, төгс жаргалан мэтийн гэр барьдаг тоглоомууд бол ширээний тоглоом. Шагай голдуухан ширдэгний тоглоом”
Энэ үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчдөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой ажээ.
Битүүний зоог
Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж, гургалдайгаар нар зөв ороон сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант, богтосны нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж, банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг.
Битүүний өдрийн цээр
- Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
- Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
- Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
- Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
- Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
- Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.
Битүүний орой унших тарни
Битүүний орой, шинийн 1,2,3,8,15-нд зул, хүжээ өргөөд “Ум навова гавади базар сараa брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.