Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Монгол эх орныхоо, Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн ахмад буурлууд, тэдний түүхийг үргэлжлүүлэн бичиж байгаа идэр залуус, хүүхэд, багачууд та бүхэндээ XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй үхэр жил Улаанбаатар хотын иргэд бидэнд ээл, өгөөжөө хайрласан дэлгэр сайхан жил байлаа. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа дагалдах 19 хууль, тогтоолын хамт шинэчлэн баталсан нь эрх зүйн шинэчлэлийн эх үндэс төдийгүй Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн.
Энэхүү хууль болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г улаанбаатарчуудынхаа санал, хүсэлтэд тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Энэ бүхнийг боловсруулахдаа 30 мянга гаруй нийслэлчүүдийн саналыг авч, нэн тэргүүнд шийдвэрлэх хотын асуудал бэрхшээлийг иргэдийнхээ хүсэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодорхойлсон билээ. Иргэд идэвхтэй, оролцоотой байна гэдэг хүсэл зорилго нэгдмэл байгаагийн илэрхийлэл юм. Мөн Улаанбаатар хотын дүрэм, хотын стандартын баримт бичгүүдийг боловсруулах шатандаа явж байна.
2021 он, төмөр үхэр жил Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байлаа. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болов. Энэ бол хотын хөгжлийг дэмжсэн түүхэн шийдвэр төдийгүй эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх санхүүгийн бодит дэмжлэг. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулж, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон 26 гишүүн нам үл харгалзан нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжиж эхлээд байна.
Мөн Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн зургийг зурж, цахим шинэчлэлийг эрчимжүүлж, 2022 оны босгон дээр хүнд суртлын үүр уурхай болох 74 зөвшөөрлийг цуцаллаа. Ингэснээр хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжийг иргэд, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нээж өгсөн. Энэхүү шийдвэр цар тахлын дараах их сэргэлтийн бодлогод нийслэлийн зүгээс оруулж буй хувь нэмэр, иргэдэд дэмжлэг болох учиртай юм.Нийслэлийн удирдлагын баг бүхий л салбарт ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч, хөдөлмөрлөсөн хүнийг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсээр байх болно.
Угтан золгож буй Сайжруулагч хэмээх усан бар жил Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулан, нэг төвт хотоос олон төвт метрополис тийш чиглэх их ажлын гарааны жил, их бүтээн байгуулалтын эхлэл он байх болно. Бид түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, иргэн төвтэй хотыг цогцлоохын төлөө хичээнгүйлэн зүтгэнэ.
Сайжруулагч хэмээх усан бар жилд төр маань түвшин, түмэн олон минь амар амгалан байж, нийслэл Улаанбаатар хотын хөгжилд дэвшил авчирсан сайхан жил байхыг билгэдэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР