Онцлох

“МАRS V” төслийн багийнхантай уулзав

-МОНГОЛЫН ГОВЬ САНСАР ОГТОРГУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХУВЬД ТОМ ДАВУУ ТАЛ БОЛОХ БОЛОМЖТОЙ-

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ (2022.01.29) “МАRS V” төслийн багтай уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Аялал жуулчлалын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч А.Энхбат нарын албаны хүмүүсийн төлөөлөл оролцлоо.

“МАRS V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд, гүйцэтгэх захирал Г.Амгаланбаатар нар салбарын сайд, албаныханд төслийн ерөнхий мэдээлэл, өнөөгийн байдлыг танилцуулсан юм. Өнөөдрөөс гурван жилийн өмнө эхлүүлж байсан тус төслийн судалгаа, шинжилгээ, олон улстай хамтран ажиллах процесс өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байгаа аж.“МАRS V” төсөл нь үндсэн гурван хэсэгтэй бөгөөд шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл юм байна.

Нэгдүгээрт, Maрсын сургуулилтын академи байгуулахаар төлөвлөжээ. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс тэс өөр уур амьсгалтай газарт хүн илгээнэ. Иймд тухайн орчинд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь Ангараг дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй юм. Тиймээс ирээдүйд Ангараг гарагийг зорих хүмүүсийг дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах аж. Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологи хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай байгаа юм байна.

Хоёрдугаарт, Ангарагийн аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулахаар болжээ.

Гуравдугаарт, дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэх дэд бүтцийн асуудал юм. Нэг үгээр дагуул хот байгуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү 2019 оны хоёрдугаар сараас албан ёсоор эхэлсэн “МАRS V” төсөл нь үндсэн гурван хэсгийн хүрээнд Ангараг гарагийг сонирхогчдод зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүд бий болгох юм.

Уулзалтын үеэр “МАRS V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд “Ангараг гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилт болж, дэлхий тэр чигтээ анхаарлаа хандуулж байна. Иймд уг гарагтай хамгийн төсөөтэй газар сансрын нисгэгчийг бэлдэх шаардлага үүссэн. Энэ эрэлт хэрэгцээг бид дэлхийд Монголыг таниулах цоо шинэ боломж гэж харж байна. Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь юм. Өмнө нь бид говийг дэд бүтэцгүй сул тал гэж хардаг байсан. Харин одоо сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал. Манай төсөл мөн геополитик, геофизикийн ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхийд монголчуудыг таниулах түүхийн шинэ хуудас болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа юм байна. Тус төслийн багийнхан “Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том байгууллагуудад гишүүнээр элссэн “МАRS V” төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагууд хэдийнэ сонирхож, тэдний анхаарлын төвд орсон” гэлээ.

Мөн төслийн багийнхан Ангараг судлал түүнийг дагасан тусгай сонирхлын аялал жуулчлалаар дамжуулан аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлж, үнэ цэнээ өсгөх өргөн боломж бий. Тиймээс Марс төслийн үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудлууд бол чөлөөт бүс барьж байгуулах газар, үүний эрх зүйн зохицуулалт, төрийн тогтвортой байдал юм гэдгийг дурдаад дэлхий тэр чигтээ анхаарлаа хандуулж байгаа Ангараг судлалд салбар яам анхаарлаа хандуулж, бодлогоор дэмжиж ажиллахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Уул уурхайг түшиглэсэн хязгаарлагдмал баялаг, эдийн засгийн орчинтой манай улсын хувьд дараа дараачийн үедээ үлдээх хамгийн том өвийн нэг бол Марс төслийг гэж ойлгодог. Үр өгөөжийн хувьд ч өнөөдрөөр бус үе дамжигдах, дэлхийд үнэ цэнтэй, Засгийн газрын нэг сая жуулчин татах бодлоготой ч уялдаж байгаа инноваци төсөл гэж харж байгаа. Тиймээс төслийн баг хамт олныг дэмжиж ажиллана” гэдгийг онцолсон юм. Мөн БОАЖ-ын сайдын дэргэд байгуулагдаж буй Аялал жуулчлалыг хөгжүүлэх мэргэжлийн зөвлөлд орох саналыг төслийг багт тавив.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version