НийгэмОнцлох

2022 оныг “Хотын иргэний жил” болгоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарлах саналыг гаргаад байгаа юм. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2022 онд хотын иргэдэд боловсрол олгох, соёлыг төлөвшүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах юм.

2022 онд зургаан зорилтыг дэвшүүлэн, иргэд олон нийт рүү чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцууллаа. Тодруулбал, “Хотын иргэний мэдлэг боловсрол”, “Хотын иргэний соёл”, “Хотын иргэний орлого”, “Хотын иргэний орчин”, “Хотын иргэний эрүүл мэнд”, “Хотын иргэний аюулгүй байдал” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Ингэхдээ хоёр сар тутамд нэг зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар тооцоолжээ. Тухайлбал, нэг болон хоёрдугаар сард “Хотын иргэний мэдлэг боловсрол” зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд  иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн үйлчилгээний шинэчлэлийн чиглэлээр төрийн албан хаагчдын соёлтой харилцааг хэвшүүлэх, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Мөн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэн, менежментийг шинэчлэн сайжруулах тухай танилцуулсан юм.

Харин гурав болон дөрөвдүгээр сарыг иргэний соёлын сар болгон зарлаж, автобусны буудлыг тохижуулан, тоог нэмэгдүүлэх, авто зогсоолын менежментийг сайжруулах болон бусад чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж. Нийслэлийн хэмжээнд 1081 нийтийн тээврийн зогсоол байгаа бөгөөд иргэдийн 51 хувь нь автобусаар зорчдог гэсэн судалгаа гарсан. Иймд автобусны зогсоолыг тодорхой стандартын дагуу шинэчлэх шаардлагатай. Харин авто зогсоолын нэгдсэн системийг бий болгож, стандарт хангасан төрөлжсөн авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай судалгааг хийгээд байна. Тав  болон зургаадугаар сард хотын иргэний орлогыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах талаар танилцууллаа. Ингэхдээ гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд хамаарах 12.211 ам метр талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлэхээр шаардлагатай судалгааг хийгээд байгаа аж. Нийтийн эдэлбэр гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлийг бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэний орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж буй. Энэ мэтчилэн хоёр сар тутамд тодорхой зорилтыг дэвшүүлэн, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар танилцууллаа. Зөвлөлийн хурлын гишүүдийн зүгээс дээрх зорилтуудад нэг бүрчлэн анхаарч, гэр хорооллын бүсийг орхигдуулахгүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, дээрх арга хэмжээнүүдэд хамтран ажиллах, уг зорилтот жилийг ирэх онуудад улам сайжруулан, үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байлаа. Ийнхүү  2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version