ОнцлохНийслэл

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, тус банкны удирдлагуудад талархал илэрхийлэхийн сацуу цаашид нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотод шинэ эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд бизнес эрхэлж буй жижиг, дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих боломж, бололцоог нийслэлийн удирдлагууд эрэлхийлэн ажиллаж байна. 

Улаанбаатар хотын бие даасан эдийн засгийн суурийг зөв тавих нөхцөлийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар тусгасан. Эдийн засгийг сайжруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн, бүхий л салбарт ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн Улаанбаатар хот болгохын төлөө ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдаас төрийн бүтээмжийг сайжруулах үүрэг, чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан 74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд шаардагдах зөвшөөрөл, түүнтэй адилтгах эрх зүйн бичиг баримтыг хүчингүй болгосон. Ингэснээр иргэдийн бизнес эрхлэх боломж, бололцооны суурь нөхцөлийг бүрдүүлж буй юм. Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн. Мэдээж төрийн хүнд суртал багасаж, авлига үгүй болно. 

Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэд хэдэн байршилд орчин үеийн шаардлагад нийцсэн худалдаа, үйлчилгээний цэгүүдийг олноор нь байгуулна. Үүнд иргэд ямар нэг түрээс төлөхгүйгээр худалдаа хийх, хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ үзүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхээр хотын удирдлагуудын зүгээс анхааран ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд 2022 онд иргэдээ сонсож, иргэн төвтэй Улаанбаатар хотын хөгжлийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version