НийтлэлХууль эрх зүйОнцлох

Үүнийг ярьсны учир …

Энэ бол гурван хүүхдээ ганцаараа өсгөдөг нэгэн эмэгтэйн тухай түүх юм. Гэхдээ түүний бүх амьдралын тухай яриа биш. 33 настай ганц бие ээж Америкийн Калифорни мужийн 58 дугаар замаас хойд зүгт Хинкли хотод аж төрдөг байв.

1952 оноос Хинкли хотын гүний усыг байгалийн хий дамжуулах хоолойн компрессор станцаар зургаан валентын хром хордуулах болжээ. Үнэндээ хром өөрөө гэнэт гарч ирээд хордуулна гэж юу байхав. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгалийн хий, цахилгаан түгээх компанийн балаг л даа. 40-өөд жилийн турш энэ хотын иргэд хорт хавдраар өвдөж шаналах болов. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө хотын иргэд 1993 онд нэгджээ. Энэ тэмцлийг мөнөөх ганц бие ээж тэргүүлсэн байна. Уг компанийн эсрэг, мөн энэ үйл ажиллагааг явуулах захиргааны шийдвэрийг эсэргүүцэж 600 гаруй хүний гарын үсэг цуглуулан зарга үүсгэж, олон удаагийн шаргуу тэмцлийн үр дүнд иргэд ялсан.

Энэ үйл явдлаар Холливуд долоон жилийн дараа кино хийсэн нь “Эрин Брокович” бөгөөд гол дүрд тоглосон жүжигчин эмэгтэй Оскарын шагнал хүртсэнийг харвал бодит үйл явдал нь нийгэмд харанга дэлдсэн, байгаль орчныг хамгаалах үйлсийг дэмжсэн, иргэдийн эрүүл амьдрах эрхийнхээ төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл болжээ.     

Гурван хүүхдийн ээж, хуулийн фирмийн ажилтан Эрин Броковичийн тэргүүлсэн энэ тэмцлийг “шүгэл үлээлт”-ийн хамгийн сонгодог, төгс жишээнд одоо хүртэл тооцсоор байгаа. Шүгэл үлээсэн Брокович нарын ачаар хотын иргэд 333 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулж чадсан бөгөөд тэрээр асар их нэрд гарсан байна.

Зүй бус шийдвэр, үйл ажиллагааг зориглон илчилснээр өөрийнхөө амьдралыг төдийгүй өрөөл бусдын амьдралд сайнаар нөлөөлсөн энэ эмэгтэйн түүхийг энд дурдсаны учир нь Шүгэл үлээгчийн тухай хуулийн талаар ярих гэснийх юм.

Юуны өмнө шүгэл үлээгч гэж хэн бэ гэсэн асуултад хариулах хэрэгтэй болно. Маш энгийнээр хэлбэл, олон нийтийн хөндөгдсөн эрх ашиг, хохирсон эрхийг сэргээхийн тулд аль нэг байгууллага, тодорхой албан тушаалтан, нэр бүхий эрх мэдэлтний хууль бус, зохисгүй үйлдлийг олон нийтэд ил болгож дуу хоолойгоо хүргэж байгаа хүнийг хэлнэ. Спортын тэмцээний үеэр шүүгч шүгэл үлээдэг. Энэ нь тэмцээний дүрэм зөрчигдлөө гэдгийг шүүгчээс тамирчид болон үзэгчдэд мэдэгдэж байгаа явдал. Яг үүнтэй адил нийгмийн журам зөрчигдлөө гэж олон нийтийн эрх ашигт харшилсан зүй бус үйлдлийн талаар бусдад мэдээлэхийг шүгэл үлээх хэмээн ойлгож болно.  

Бид нэгэнт ардчиллыг сонгон замнаж байгаа тул энэ нийгмийнхээ өөрийн мөн чанар, зарчимд захирагдах учиртай. Ардчилал бол төлөөллийн хэлбэр гэж үздэг. Өөрийгөө төлөөлүүлэн төрд нэг хүн сонгоод явуулахыг тэгж ойлгож болно. Орчин цагт ардчилал бол төлөөллийн төдийгүй оролцооны хэлбэр болсон. Таныг төлөөлсөн хүн хууль журмыг үл хэрэгсэн, дураар өөрчилж, зөвхөн өөртөө ашигтай шийдвэр гаргаж, та болон таны эргэн тойрны иргэдийг хохироож байвал яах вэ. Оролцооны хэлбэр манайд алдагдсан, алдагдсан ч гэж дээ, үндсэндээ байхгүй учраас, иргэд төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоо, хяналтаа тэр бүр гаргаж чадахгүй байгаа нь албан тушаалтнууд дураар аашлах бололцоог шууд бүрдүүлж байна.

АТГ-ын дарга З.Дашдаваа 2019 оны хавар энэ байгууллагын даргаар томилогдсоныхоо дараа “Авлигатай тэмцэх ажилд иргэдийн хяналт, оролцоог бий болгоно” гэж нэг зорилтоо хэлж байсан. Түүний үг өнөөдөр биелж байгаа бололтой. АТГ-аас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-д хүргүүлсэн. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааг мэдээлсэн, илчилсэн тохиолдолд мэдээлэгчийг хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх, урамшуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан билээ.

АТГ авлигын хэргийг илрүүлэн ажиллаж байна. Үүн дээр хүч нэмж, иргэд буюу шүгэл үлээгчид авлигын үйлдлийг илчлэх шаардлага ч бий. Шүгэл үлээх нь маш өндөр эрсдэлтэй. Тэднийг хамгаалах гол зэвсэг нь Шүгэл үлээгчийг хамгаалах хууль юм. Ардчилал хөгжсөн орнуудад шүгэл үлээгчийг хамгаалсан тусгай хууль үйлчилдэг. Жишээ нь АНУ 1863 онд баталсан бол Англи улс 1998, Энэтхэгт 2002, Канад улс 2007 онд тус тус баталжээ. Зарим улс орон шүгэл үлээгчдэд зөвлөгөө өгөх төв, хамгаалах байр, цахим хуудас, шүгэл үлээх хөтөлбөр хүртэл ажиллуулдаг байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд тэрээр “Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг цар тахлын эрсдэлийг даван туулах арга хэмжээтэй адил түвшинд авч үзэж, онцгой анхаарлаа хандуулж байна” гэдгийг онцлон хэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байна” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Иргэд төр, засгаас гаргаж буй шийдвэр, албан тушаалтны үйл ажиллагааны талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нээлттэй боловч тэд айдас дарамтад байдаг. Монголчууд эрт үеэс суурин биш нүүдэлчин амьдралын хэв маягаасаа шалтгаалан хамтач бус, магадгүй хувиа хичээсэн хандлагатай, “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гэх хэлц үгтэй, би л болж байвал боллоо гэсэн үзэлтэй, өөр нэг нь хэлэх биз гэж булзамтгай, мэдээлэгчийг матаач, До яамны бууны нохой гэхчлэн хочилдог, энэ нь 1930-аад хэлмэгдүүлэлтийн үеэс тогтсон нийгмийн сэтгэлзүйтэй нь холбоотой. Одоо тэгвэл нүүдэлчин амьдралаас суурин амьдралд шилжин өөрчлөгдсөн тул “хөршид маань тохиолдсон явдал надад ч мөн тохиолдоно” гэсэн нийтэч үзлээр аливаад хандах цаг иржээ.

Гэхдээ энд нэг зүйлийг тодотгон хэлмээр байна. Хэнийг шүгэл үлээгч гэж үзэх вэ гэдэг талаар зайлшгүй ярих учиртай. Юуны өмнө шүгэл үлээгч нь өөрөө хууль бус үйлдэлд оролцоогүй, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө биш нийтийн эрх ашиг сайн сайхны төлөө дуу хоолойгоо гаргаж байх ёстой. Өнгөрсөн оны сүүлээр албан тушаалтанд хахууль өгсөн нь шалгагдаад хэрэг нь шүүхээр шийдэгдэх үед өөрийгөө шүгэл үлээсэн гэж мэдэгдсэн нэгэн явдал гарсан. Энэ тохиолдолд тэр иргэнийг шүгэл үлээгч гэж үзэх үндэсгүй бөгөөд хууль бус үйлдэлд огт оролцоогүй, нийтийн эрх ашгийн төлөө иргэний зориг гарган ул суурьтай дуугарах хүнийг л шүгэл үлээгч хэмээн үзэхээр байгаа юм.  

Үүнийг ярьсны учир шүгэл үлээгчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдэхээр боллоо, харин иргэд маань авлигагүй төр ба сайн засаглал цогцлоох иргэний оролцоогоо илүү тод гаргаж, ардчилсан нийгэмдээ эрхээ бүрэн төгс эдлээсэй хэмээн хүссэнийх билээ.

Т.МӨНХТУНГАЛАГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version