Засгийн газарОнцлох

Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо
 
Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас боомтын цогцолбор, гаалийн хяналтын бүс хүртэл ачаа тээвэрлэх 50-иас доошгүй чингэлэг хэрэгслийг түрээслэх, автомашины техникийн бэлэн байдлыг хангах, чингэлэг шилжүүлэх ачих талбайд нэвтрэх ажилтнууд болон төрийн тусгай албан хаагч жолооч нарыг тусгаарлах, тэдний амьдрах орчинд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулна.

Гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй  
 
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгчээ.
Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлаж байсан. Тусгаарлалтыг цуцлахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.
Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.
2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 67 хувь нь хоёрдугаар тунд, 30 хувь нь гуравдугаар тунд тус тус хамрагджээ. Дөрөвдүгээр тунг 10247 хүн хийлгэжээ. Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдэж байна.
 
Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав
 
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа.  
Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшуулал 80 мянган төгрөг байна
 
Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянга төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авсан байна.
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.
 
Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
 
Төрийн зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлнө гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд үйлчилнэ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор энэ гурван жилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ.
 
Сайжруулсан түлшний чанарт шалгалт хийж, дүнг яаралтай танилцуулах үүрэг өглөө
 
Сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгов.    
Мөн энэ хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт үүрэг болголоо. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д даалгалаа.
 
Товч мэдээ
·      Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна.
·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа. Агнуурын амьтны ашиглалтыг хамгааллын үр дүнтэй нягт холбосон эрх зүйн зохицуулалт нь нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
·      “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулсан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
·      Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан энэ сарын 18-19-нд болно. Тус хуралдааныг цахимаар зохион байгуулна.  
·      Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталлаа.
·      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны арван хоёрдугаар сарын 15-17-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
·      Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан “Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
·      Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд тус комиссыг даргална.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version