УИХ

НББХ-ны гишүүд Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2022.01.11) хуралдаан 14 цаг 40 минутад 58.8 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тэрбээр, …тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй гурван саналыг хэлэлцэж, томьёоллыг боловсрууллаа. Үүнд, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “овгийг” гэснийг “овгийн нэршлийг” гэж өөрчлөх, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн 1 дэх заалтын 3 дахь дэд заалтын “Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганы хугацаанд” гэснийг “Улсын Их Хуралд 2023 онд багтаан” гэж өөрчлөх, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн 1 дэх заалтын 6 дахь дэд заалтын “уялдуулан” гэсний дараа  “хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах,” гэж нэмэн, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах болгож өөрчиллөө гэв.

    Танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тогтоолын төсөл батлагдсанаар зардал, төсөв  нэмэгдэж байгаа юу гэдгийг тодруулахын зэрэгцээ төрийн бодлогын түвшинд хүн судлалын асуудал цэгцгүй байгаа талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн хариулт өгөв.

Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэснээр тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов

    Дараа нь Байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр танилцуулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан бөгөөд шинэчилсэн журмын төсөлд оруулсан гол өөрчлөлтүүдийг танилцуулахдаа Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой болгох, төлөвлөлтийг сайжруулах, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар тусгасныг дурьдлаа. Тэрбээр мөн 2022 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2021 оны 408 дугаар тогтоолоор батлуулж,  төрөөс шимтгэлийг хариуцдаг 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон ял эдэлж байгаа ялтны шимтгэлийн орлогод  2022 онд 163.7 тэрбум төгрөг буюу 2021 оноос 79.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлуулсныг танилцуулав. Түүнчлэн, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гарч, 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 307.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор батлуулсан талаар болон эмнэлгүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төлөөллүүдийг тодруулсан талаар танилцууллаа.

    Мөн эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалин хөлсийг гүйцэтгэлд нь суурилан нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмэгдүүлж чадварлаг эмч, сувилагч, асрагч нарын ажиллах хөшүүргийг бий болгох хүрээнд “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод хэмжээ, сүлжээ”-г шинэчлэх Засгийн газрын тогтоолын төсөлд оруулах саналыг боловсруулан танилцуулга болон тооцооллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Хүргүүлсэн саналд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн сүлжээний доод хэмжээг төсвийн нөөцөд тулгуурлан тогтоож 13.7-35.0 хувиар (дундаж нь 23 хувь) нэмэгдүүлж оруулсан гэлээ.

Эрүүл мэндийн сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 118 төсөл, арга хэмжээний нийт 387,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 128,6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалт батлагдсан байна.

    Эрүүл мэндийн сайдын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Баярсайхан, Д.Сарангэрэл, П.Анужин, Д.Батлут, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэллээ. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

    Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 болон 06 дугаар  тогтоолын хэрэгжилтийг байнгын хорооны хуралдаанаар сонссонтой холбогдуулан тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах эмнэлгийн байгуулагуудын магадлан итгэмжлэх журмыг хуулийн хүрээнд шинэчлэх,  эмнэлгүүдийн ТУЗ байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чиглэлийг өгөв. Тэрбээр мөн Улсын Их Хурын хаврын чуулган эхлэхээр тогтоолын хэрэгжилтээр дахин мэдээлэл сонсон, тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардана, хөрөнгө мөнгийг зөв зарцуулах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна хэмээн тэмдэглэв.

    Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version