Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзав
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болоод хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм.
Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын эхэнд, хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа коронавируст цар тахлын үед ч зогсолтгүй явсаар байна. Ялангуяа төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон төслүүд хэрэгжиж байгаа билээ. Тааварлашгүй нөхцөл байдлын улмаас бэрхшээл, хүндрэлүүд гарч байгаа ч хоёр талдаа аль болох уян хатан байж, харилцан ойлголцож, хамтын хүчин чармайлтаар тавьсан зорилгодоо хүрэхээр ажиллаж байна. Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавх тэр дундаа гал түймэр унтраах, агаараас эрэн хайх, аврах чадавхыг дээшлүүлэхэд хоёр орны Засгийн газар хороондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ОБЕГ-т хэрэгжиж буй төслүүд чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэлэхэд таатай байна”. гэлээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Гамшигтай тэмцэх газар, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай А.М.Идракын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээ өргөжиж, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, төрөл мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх сургалтууд зохион байгуулагдаж, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн болон холбоо, зарлан мэдээлэх, удирдлагын төвийн чадавх сайжрах нөхцөл бүрдсэн юм.
Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.