Байгаль орчинОнцлох

Зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар нэгдүгээр сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарын мэдээлэл, сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, агаарын чанартай холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаарх мэдээллийг өглөө.

“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр сарын 6-нд манай баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл, шалтгааныг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс болон холбогдох байгууллагууд ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-нд үйлдвэрийн хоёр шугамыг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 21.353 тонн сайжруулсан түлшний нөөцтэй. Хоногт 3200-3600 тонн түлшийг борлуулалтын цэгээр дамжуулан хүргэж байгаа” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Сайжруулсан шахмал түлшний хоногийн үйлдвэрлэл борлуулалтаа гүйцэж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг байгуулахаар төлөвлөж байна. Өндөрлөг, алслагдмал цэгүүд, түлш авахад хүндрэлтэй байршлуудад явуулын цэг ажиллана. Түүнчлэн 6098 зорилтот өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлшийг олгож эхэллээ. Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142-р тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй 18 ажлын 15 нь хяналт шалгалт руу чиглэсэн.

Тухайлбал, гэр хорооллын айлуудад түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэх, галлагааны бус материал хэрэглээнд ямар байгаа талаар болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 182 зуухын шүүлтүүрт хяналт шалгалт хийж байна. 195 мянган айл стандартын болон стандартын бус таван төрлийн зуух хэрэглэдэг. Зуух болгонд хэмжилт, галлагааны дарааллыг гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг бид зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт стандартын зуух үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийлээ. Жилд 15-20 мянган зуух борлогддог байсан бол цар тахлаас шалтгаалан 2021 онд зуух үйлдвэрлэн, импортолдог аж ахуйн нэгжүүдийн борлуулсан зуух нийлээд 2000 хүрэхгүй байна. Үүнээс үзэхэд стандарт зуухны худалдаа 10 дахин буюу эрс багасжээ” хэмээв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат “Хүхэрлэг хийн агууламж 2021 онд долоо хоногийн дунджаар 164 байсан бол 2022 онд 149 болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна. Азотын давхар исэл 2021 оны долоо хоногийн дунджаар 48, 2022 онд 60 байна. PM 10 тоосонцор долоо хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 байна. Харин PM 2.5 тоосонцор 2021 оны долоо хоногийн дундаж агууламж 83 мкг байсан бол 2022 онд 130 мкг байна” хэмээн мэдээлэв.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Агаар бохирдуулах ихэнх бодис буюу хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан. Улаанбаатар хотод 188 мянган айл сайжруулсан түлш хэрэглэж байна. Мөн дулааны станц болон дэд төвүүдэд түүхий нүүрс шатааж байгаа. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна” гэдгийг онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version