УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Засгийн газарт хандан банга хүртээлээ.
Чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар соёлын үнэт өвийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонссон юм. Асуулгад салбар хариуцсан яамныхан тодорхой хариулт өгч чадахгүй байсанд цөөнхийн бүлгийн дарга шүүмжлэлтэй хандав.
Тэрбээр “Ж.Батзандан гишүүн соёлын өвийн асуудлаар маш чухал асуулга тавиад байна. Гэвч энд мөнгө мэддэг, салбарын бодлого мэддэг хүн нь алга. Нэг хэлтсийн дарга авч ирчхээд байцаагаад байх нь зөв үү, буруу юу. Цаашдаа асуулгыг ингэж үр дүн муутай хийдгийг болих хэрэгтэй. Монгол Улсын түүх соёл, ёс заншил, шашин шүтлэг 1937 оны их хэлмэгдүүлэлтээр дууссан. Лам нар болоод хэдэн хүрээгээ устгаад дууссан. Гэтэл үүнээс хойш соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах тал дээр дорвитой ажил хийгдсэнгүй. Одоо Гандантэгчинлэн, Богд хааны музей, Балдан бэрээвэн, Амарбаясгалант, Эрдэнэзуу зэрэг хийдүүдээ нэг хар даа. Шашинтай холбоотой юм руу орохгүй гэсэн айдас байгаад байх шиг. Гэтэл гарын 10 хуруунд хүрэхгүй хэдхэн хийд чинь Монгол Улсын соёлын өвийг авч явж байгаа юм гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ. 1937 оны хэлмэгдүүлэлтээс үлдсэн хэдхэн сүм, хийдүүдийг сэргээн засварлахад төр бодлогоор хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Энэ ажлаа хийж чадахгүй байж аялал жуулчлал гэж ярихаа болих хэрэгтэй. 2019 оны төсөвт хийдүүдийг сэргээх хөрөнгө оруулалтыг Соёлын санд суулгаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ мэт асуудал хоосон яриа болоод үлдэх болно” гэлээ.
Үнэндээ ч Монголын соёлын дархлаа болсон хийдүүдээс эхлээд музейн барилга хүнд болсон. Жишээ татвал, Байгалийн түүхий музейг ашиглах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад хэдэн жил болсон ч шинээр барилга барьж чадалгүй өдийг хүргэсэн. Гадаад орнуудаас буцалтгүй тусламжаар Байгалийн түүхийн музейг барьж өгөх боломжтой гэдэг асуудлыг хөндөн тавьсан ч газрыг нь шийдэж чадахгүй байгаагаас энэ асуудал гацаанд орсон гээд асуудал олон бий.