Засгийн газарОнцлох

“Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл”-ийн анхдугаар форум эхэллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд аж ахуй эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ” байгуулагдаж, цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус зөвлөлөөс Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх,  тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах зорилгоор МҮХАҮТ-д “АНХДУГААР ФОРУМ” –ыг зохион байгуулж байна.

Форумын нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, цар тахлын энэ хүндрэлтэй цаг үед нөхцөл байдалд дасан зохицож, иргэд аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа талаар онцоллоо. Мөн төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, стандартыг цөөлөх, төрийн давхардсан чиг үүргийг халах, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих чиглэлд анхаарч ажиллана. Стандартыг цөөлж, үйл ажиллагаа эрхлэх эрхийг чөлөөтэй болгосноор эмх цэгцгүй, хууль зөрчсөн үйлдэл хийхийг зөвшөөрч байгаа хэрэг биш, зөвхөн хуулийн дагуу илүү чанартай, илүү хариуцлагатай ажил үйлчилгээ эрхлэх хариуцлага оногдуулж байгаа хэрэг юм гэдгийг онцлов.

Энэ удаагийн форумаар Жижиг дунд үйлдвэрийн салбарын санхүүжилт, Төрийн худалдан авах үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй нийт стандартын тоо хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд гэх мэт илтгэлүүд танилцуулагдана. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн танилцуулга”, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга  П.Сайнзориг “Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга”,

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “ЖДҮ-ийн салбарын санхүүжилт”, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэсийн дарга Н.Цэрэнсамбуу “Төрийн худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн “Стандарт, хэмжил зүйн үйл ажиллагаагаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь” сэдвээр илтгэл тавьж байна.

Чуулганд Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба зэрэг төрийн 10 байгууллага, Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн 17 гишүүн холбоод болон 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож байна.

Нэмэлт мэдээлэл: Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн гишүүн холбоодыг танилцуулж байна.

  1. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо,
  2. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл,
  3. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо,
  4. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо,
  5. Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо Тосон бизнес хөгжлийн дэмжих төв,
  6. Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо,
  7. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо,
  8. Монголын ЖДҮҮ дэмжих холбоо,
  9. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо ,
  10. Монголын уран дарханы түмэн эрдэнэс нэгдсэн холбоо,
  11. Монголын Бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн холбоо,
  12. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо,
  13. Монголын хүнсчдийн холбоо,
  14. Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо,
  15. Монголын оёдлын нэгдсэн холбоо,
  16. Монголын хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдийн холбоо

Тус зөвлөлөөс төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, чиг үүргийн давхардлыг арилгаж, аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх дарамтыг бууруулах, бизнес эрхлэгч болон аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцох, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, гарц шийдэл хайх зорилготой 3 удаагийн хуралдаан зохион байгуулсан юм.Тухайлбал, ШӨХТГ-аас 2021 оны 12-р сарын 9-ний өдөр зохион байгуулсан “Дарга-Үйлчлэгч” хэлэлцүүлгийн үеэр ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртал, олон төрлийн зөвшөөрөл, бичиг баримт, тусгай лиценз нэхдэг, хяналт шалгалт нэртэй дарамт цөөнгүй байдаг тухай асуудлуудыг аж ахуй эрхлэгчдийн холбоодоос онцолсон билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version