Уул уурхайFocus

Ажилтнууддаа 13 дахь сарын цалин олгоно

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын шинэ оны анхны даваа гаригийн шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Он солигдох өдрүүдэд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр ямар нэг алдаа доголдолгүй ажилласныг цех нэгжийн удирдлагууд мэдээлэлдээ танилцуулав.

Үйлдвэрийн бүсэд хариуцлагатай жижүүрүүд өдөр бүр  хуваарийн дагуу хяналт тавин ажиллажээ. Үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл хангах хүрээнд нийт 298 ажил төлөвлөснөөс 99 хувиар биелсэн байна. Нүүрсний нөөц 30 мянган тонн буюу 20 хоногийн нөөцтэй байгааг ДЦС-ын дарга мэдээллээ.

Энэ жилийн хувьд харьцангуй дулаахан өвөл болж байгаа нь эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлснийг Эрчим хүчний хэлтсийнхэн онцлов.

Түүнчлэн үйлдвэрийн ДЦС, 6.7 сая киловатт цахилгаан, эрчим хүч төлөвлөгөөнөөсөө илүү үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний системд нийлүүлсэн нь   том хувь нэмэр болжээ. Нөгөө талаар, Эрдэнэт үйлдвэрийнхэн нэг тонн хүдэр боловсруулалтад ашиглагдах эрчим хүчний хэмжээг багасгаж чадсан нь чухал үзүүлэлт гэж Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат мэдээллээ. 

Өнгөрсөн 2021 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа шинэ онд үргэлжлүүлж, дуусгахын зэрэгцээ төлөвлөгөөт төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Ус хангамжийн цехийн 3-р шугамын өргөтгөл, Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэр, Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төсөл, Ногоон хөгжлийн төв, “Эрдэнэт” соёл спортын цогцолбор зэрэг ажлуудаа дуусгаж, 2022 онд Их бүтээн байгуулалт өрнүүлнэ гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн танилцууллаа.

Мөн шинэ онд овоолго ашиглах үйлдвэр барьж, Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.  Энэ бүх ажлыг гүйцэтгэхдээ хүн бүхэн сахилга дэг журмыг өндөр түвшинд баримталж, цех нэгжүүд хоорондын уялдаа холбоогоо нягтруулж ажиллах шаардлагатайг шуурхай зөвлөгөөн анхааруулав.

Монголчуудын уламжлалт цагаан сар, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ жилийн хувьд эрт тохиож байгаа тул өнгөрсөн жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтээ дүгнэж, тайлангаа энэ сард багтаан хэлэлцэнэ. Мөн сар шинийн баярын өмнө уламжлал ёсоор үйлдвэрийн хөдөлмөрийн аваргуудаа тодруулж, ажилтнууддаа 13 дахь сарын цалин олгох юм байна. 

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version