Хууль эрх зүй

“Авлигад хүн бүр төлөөс төлдөг”

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж 58/4 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь НҮБ-аас батлан гаргасан Авлигын эсрэг конвенцийг таниулах, хэрэгжилтийг дэлхий нийтэд өрнүүлэх, авлигын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оршиж байв.

Тухайн үед НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид дэлхийн улс орнууд нэгдэн орж, соёрхон батлах үйл явцыг аль болох хурдасгах шаардлагатай байсан юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас бүх улс орон болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн эрх бүхий байгууллагуудад хандан уриалга гаргаж байжээ.

2004 оны буюу Авлигын эсрэг олон улсын анхны өдрийг НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Авлигад хүн бүр төлөөс төлдөг” уриатай кампанит ажлыг зарлан явуулсан бөгөөд үүгээр авлигын янз бүрийн хэлбэр, хэр өргөн тархсан талаар олон нийтэд сурталчлах, шударга бус үйлдлийг таслан зогсооход хувь хүн бүр идэвхтэй оролцох боломжтойг онцлон харуулах зорилготой байв.

НҮБ авлигын эсрэг олон улсын өдрийг дараах уриаг тунхаглаж байжээ:

  • 2005-2006 онд “Та авлигыг зогсоож чадна”
  • 2007-2010 онд “Авлигад Таны үгүй чухал”
  • 2011-2012 онд “Авлигын эсрэг үйлдэл өнөөдөр”
  • 2013 онд “Тэг авлига-хөгжил 100 хувь”
  • 2014-2015 онд “Авлигын сүлжээг таслах нь”
  • 2016-2017 онд “Хөгжил, энх тайван ба аюулгүй байдлын төлөө авлигын эсрэг нэгдье”
  • 2019 онд “Авлигын эсрэг нэгдье”
  • 2020 онд “Шударга ёсоор сэргээе”
  • 2021 онд “Таны эрх, таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье”.

Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэж, НҮБ-ын уриа, үзэл санааг үндэсний хэмжээнд түгээж эхэлсэн бөгөөд 2021 онд 15 дахь удаагаа тэмдэглэж, “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг амжилттай зохион байгуулсан билээ.

Эх сурвалж: https://www.unodc.org/unodc/en/anticorruptionday/index.html

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version