Орон нутагFocus

“Энэрэл” төвийн хүүхдүүдээ баярлуулав

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд шинэ оны босгон дээр “Энэрэл” асрамжийн төвийн багачуудаа баярлуулж, бэлэг гардууллаа. Ирэх жил 30 жилийн ой нь тохиох Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” төвийн хүүхдүүд шинэ жилийн баяраараа ямар бэлэг авахыг хүсч байгаагаа удирдлагуудад захидлаар илэрхийлжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Санхүү, эдийн засаг эрхэлсэн орлогч Д.Үүрийнтуяа тэргүүтэй удирдлагууд хамгийн залуу хамт олныхоо хүсэлтийн хариу болгож үндэсний хөгжмийн зэмсгүүдийг уг төвд бэлэглэлээ. Энэ үеэр хүүхдүүд гаргасан амжилтуудаа ам бардам танилцуулж, шинээр сурсан дуу, бүжгээрээ, бяцхан гараараа бүтээсэн урлалаараа үйлдвэрийн удирдлагуудад бэлэг барив. 

“Эрдэнэт” цогцолбор сургуулийн сурагч Б.Болор-Эрдэнэ илтгэлийн уралдаанд 2-р байр эзэлсэн бол 8-р ангийн сурагч Н.Гайхамшигт-Эрдэнэ улсын хэмжээнд зарлагдсан зургийн уралдааны тусгай байр хүртжээ. Мөн 10-р ангийн сурагч Бат-Үйлс, Батхүү, Балжинням нар аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож, Улсын аваргад оролцох эрхээр шагнуулж, Түвшинжаргал оюун ухааны олимпиадад 3-р зэргийн диплом хүртсэн зэрэг олон амжилтын эзэд эндээс тодорчээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг эрхэлсэн орлогч Д.Үүрийнтуяа “Сурлага, урлаг, спортын амжилт гаргах нь Эрдэнэт үйлдвэрийнхээ ах, эгч нарт барьж буй том бэлэг. Биднийг хамгийн том бэлгээр шагнасан хүүхдүүддээ баярлалаа” гэв.   

Өнгөрсөн хугацаанд “Энэрэл” төв 320 гаруй хүүхдийг амьдралын замд үдсэн бөгөөд одоо 2-20 насны 70 орчим хүүхэд энд сурч хүмүүжиж байна. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Ш.ЛХАМСҮРЭН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version