Б.Батхолбоо: АЙ… МЭНГЭТХЭН
МҮОНРТ-ийн зохиолчдын “Гуларанс” уран зохиолын төвийн гишүүн, яруу найрагч. Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. Сэтгүүлч, Утга зохиолын ажилтан мэргэжилтэй. Сэтгүүлзүйн “Ган үзэг” шагналтай Бурмаан Батхолбоогийн яруу найргаас түүвэрлэн хүргэж байна.
АЙ… МЭНГЭТХЭН
Ай.. ижлээ хэмээн үүрсэх
эм хонгор сэтгэлийн чинь дэргэд
Эрээн цаас юухан, мэнгэтхэн минь
Ай.. чулууг хүртэл энхрийлдэг
сэтгэлийн чинь гилгэрт
Чуулсан гэнэн юухан, мэнгэтхэн минь
Ай.. үзээ нь үгүй аялгуун зураг
өнгөт хөх бэхээр
Үйлдэгдэх нь юухан, мэнгэтхэн минь
Ай.. нүгэлгүй холоос санагдах
хул хонгор тигд чинь
Нүдний хор тусах нь юухан, мэнгэтхэн минь
…Ай мэнгэтхэн
Хэлбэргүй нэл тарах шаргал харганы
Хээг олох чинь юухан…
Хэрмэлч яваад үхэхийн зүглэлийг
Хэлж зүрхлэх нь юухан…
Уулсын оройг чи урлав уу
Ууль шувууны зовлон
Чиний өвдөлтөөс л сэрээ бизээ
Үүлсийн гилбэрийг чи урлав уу
Үлээсэн амьсгалаас чинь л
Ийм хөх үүлс хураа буй заа
Сэтгэл урагдахыг чи сонссон уу
уулсын дунд хашгирах шиг
Тийм давтамжтай,
Нуугдаж уйлахыг минь чи үзэв үү
Нулимс гэдэг… атгасан элс аяар дуусах шиг
Тийм хэмнэлтэй,
Ай…, Өрөвдөх харцнаас чинь тодрох
Үйлийн үрийг тарьмуй
Мөнхийн дурьдатгалт.. Мэнгэтхээн
Чулууг хүртэл энхрийлдэг
Сэтгэлийн чинь гилгэрт
Чуулсан гэнэн юухан бэ дээ
Ай.. хөөрхий мэнгэтхэн минь.
2016.10-р сар|
БУРХАНЫ ҮНЭРТ
Ингэхэд, би чинийхээ үнэрийг
Энгэсэг будаг, анхилам сүрчигээр биш
Энгийнээс энгийн хурган дээлний чинь
Сэтгэл өрдсөн дулаахан үнэрээр л төсөөлдөг
Намар намарт эвхээс задлан өмсдөг
Аржгар хурган дээлнээс чинь…
Авдрын хуучин мод,
Арц утлага, баадангийн ямбуу
Аавын чинь улаан дүнсийг хүртэл
Ангилж, ялгаж, таньж үнэртдэг би
Ончирсон нугалаа бүхнээс сэнхийх
Салхи сүлсэн элдүүрийн үнэрийг
“Шинэ” гэдэг ганц үгээр л төсөөлж
Сэтгэл алдан, алдан үнэртэх дуртай би
Ийм дулаахан хурган дээлний чинь
Дотоод хормойн зөөлөн анирт
Эрх нэгэн үр болж чарлаад
Энгэрээс чинь асгарах хайрын сүүг
Эр болтолоо залгилахсан,
Бурханы үнэрт минь.
2020|
* * *
Мөнхийн юм гэж үгүй хорвоод
Мөрөөдлөөрөө гэр барьж тоглодог байлаа
Цагийн жам чулуудаа ул мөр болгон үлдээж
Цалгисан инээд чинь хадны цуурайнд шингэжээ
Одоо харин чи бид хоёр
Орчлонгийн хаа нэгтээх гэр гэртээ суугаа…
Жамаар юм бүхэн хувьсдаг хорвоод
Чулуугаар гэр барьж тоглодог байлаа
Чи галаа асааж, би хоймортоо завилж
Чин үнэнээсээ юм шиг айл гэр болдог байлаа
“Өвгөөн…” гэж хэвлүүхэн дууддаг байсан чиний дуу
Өөр хүний гэрийг гийгүүлж л байгаа даа.
2018| Дорноговь, Хутаг уул.
* * *
Саяханы борооноор хэнзэлсэн ногоо
Шөнөдөө суга, суга ургаад хоножээ
Хэнз голцуу унагатай хэдхэн адууны захад
Хээр хонож, нарны тоостой хамт өндийлөө
Нойтон хомоолийн үнэр, тах туурайн холхио.
Нүхцагааны дэнж, нагацын минь цэрэгт явсан хөндий
Сэрээд харахад дотор уудлах тал, салхин сэвшээ
Сэтгэлд нүүх бараан үүлстэй өдөр байна даа.
“Энэ хэдэн адуу хэнийх вэ” гэхнээ.
“Эвий.., бүрлээчийнх” гэх бүгээн дуу сонсогдов.
Туриглан цааш хатирах морьдынх нь
Туг сүүлэнд том улаан нар ширэлдэж үзэгдэнэ.
2020.04.07|
ЧИНИЙ ЗУРВАС
Сайхан үг чинь ихээ дэм боллоо
Санаа сэтгэлд минь эм боллоо
Өөр хэнд ч хэлээгүй үгсээ
Өрцөө өвтгөн өвтгөн унагасан байх даа
Уншаад ч бас урагдсан.
2021.09
* * *
Зүүн толгодыг элгэлж нисээд
Гурван шувуу буцах нь
Зүүгдэж, сэтгэлээс ураад
Чиний буцсаныг санагдуулна
Удаашруулсан дүрс шиг
Зургаан хос дэвүүр
Улаан хаяатай тэнгэрийн
Салхин үүлсийг зүлгэнэ
Говийн бүрднээс шувуу буцах гунигтай
Голоос нэг юм гогдоод, гэртээ ч оромгүй шаналантай
2020.06.07