Эдийн засаг

Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цахимаар боллоо. Тус хурлаар Монголбанкнаас цар тахлын сөрөг нөлөөллийг хөнгөвчлөх талаар авсан арга хэмжээ, мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн, Монголбанкинд хуримтлагдаж ирсэн алдагдлын шалтгаан, Монголбанк, МБХЗ-ийн үйл ажиллагааны эрх зүйн шинэчлэл, 2022 оны төлөвлөгөөний төсөл зэргийг авч хэлэлцэж зохих шийдвэр гаргав.

Монголбанкинд арилжааны банкуудаас төвлөрсөн хөрөнгийг үр ашигтай ашиглах нь сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байна. Цар тахлын хор уршиг нүүрлэсэн 2020 оноос эхлэн Монголбанк урт хугацаат санхүүжилтийн репо хэрэгслийг бий болгож, нийтдээ 720.5 тэрбум төгрөгийг эдийн засагт нийлүүлжээ. Энэхүү санхүүжилтийн хэрэгсэл нь төв банкны бодлогын хүүнээс багагүй хүүтэй болохоор Монголбанкинд алдагдал үүсгэж, татвар төлөгчдийн дарамтыг ихэсгэдэггүй давуу талтай, Монголбанкны өөрийн санаачилсан цэвэр бодлогын шийдвэр гэдгийг МБХЗ-ийн гишүүд нааштайгаар үнэлэв.

Уг хэрэгслийг 2022 оны 1 дүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоож, хүүг нь бодлогын хүү дээр 0.5 хүү нэмснээр тогтоох болсныг анхааралдаа авлаа. Татвар төлөгчдөд болон банкны системд нэмэгдэл хүндрэл учрах, өөрөөр хэлбэл эх үүсвэрийн зардлаа нөхөх боломжгүй санхүүжилтийг Монголбанкнаас гаргах, түүнчлэн арилжааны банкуудын үйл ажиллагаа болон зээлдэгчдэд нь алсдаа дарамт болох үр дагавартай  зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээг хягаарлах талаарх Монголбанкны санаачилгыг дэмжиж ажиллах нь нийтийн эрх ашигт нийцнэ гэж үзлээ. Эдгээр асуудлыг төсөв, сангийн бодлогын хүрээнд УИХ дээр ил тод хэлэлцэж, зохих журмын дагуу шийдвэрлэж байх нь чухал болно.

Цар тахал ковидтой, эдийн засгийн гадаад, дотоод орчин тодорхойгүй өнөөгийн нөхцөлд Монголбанкны 2021 оны мөнгөний бодлогын үр дүнг нааштай гэж үнэлж байна.  Мөнгөний бодлогын үндсэн зорилт болсон төгрөгийн тогтвортой байдлын 2 тулгуур болсон төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жил гаруйн хугацаанд тогтвортой, инфляцийн түвшин тооцоолсноос 2-3 нэгж хувиар өндөр байна. 

Монгол Улсын эдийн засагт онцгой нөлөөтэй  таваарын бүтээгдэхүүн/зэс, төмөр, нүүрс, алт, газрын тос, үр тариа, мах, ноолуур/-ний дэлхийн зах зээлийн үнэ оны эхнээс 50-аас 90 хувиар нэмэгдсэн нь нийлбэр дүнгээрээ одоохондоо Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж валютын ханш тогтвортой байх суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Бензин шатахуун, төмөр эдлэл зэрэг импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь инфляц нэмэгдэх гол шалтгаан болсон ба тээвэр ложистикийн  болон импортын гаралтай зарим барааны хангамжид хүндрэл учирч үнэ өсгөх эрсдэл байна.

Мөнгөний бодлогын хэрэгжилтийн арга хэрэгслүүдээр дамжуулан нийгэм эдийн засгийн суурь систем, тогтолцоог сайжруулах, ажил эрхлэлтийг дэмжих салбарын бодлогод нөлөөлөхөд анхаарах, мөн Засгийн газраас бонд гаргахыг Монголбанкны мэргэжилтнүүд дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ зөвхөн төсвийн алдагдлыг нөхөх гэдэг утгаар нь бус экспортыг дэмждэг, эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлэх цахилгаан, дулаан, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц, үйлдвэржүүлэлтийн томоохон төслүүдийг урагшлуулахад чиглэсэн Засгийн газрын болон хувийн хэвшлийн бонд, өрийн хэрэгслийг авч үзэж, тэдгээрийн үнэлгээ, үр ашгийг нэмэгдүүлэх чадавхийг сайжруулах үндсэн дээр мөнгө нийлүүлэх тухай асуудал чухал гэдгийг Хяналтын зөвлөлөөс тэмдэглэн хэллээ.

Монголбанкинд хуримтлагдаж ирсэн алдагдал эцсийн дүндээ улсын төсөв, өр зээлийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй болохыг МБХЗ-өөс анхааруулж, татан буугдсан банкуудын алдагдал, авлага, Монголбанкны өөрийн санхүүжүүлсэн зарим актив, эдгээрээс үүсэлтэй эрсдэлийн сан, янз бүрийн нэртэй хөтөлбөрүүдийн санхүүжилтээс үүсэлтэй хүүний зөрүү зэрэг нь нийтийн санхүүг хоёрдуулж, Монголбанкны алдагдал болж, татвар төлөгчдийг хохироож буй тул эдгээрийг ил тод хэлэлцэж, үндсэн шалтгааныг судлан тогтоож, шийдвэр гаргагчдад ойлгуулж, тэднийг үнэн зөв мэдээллээр хангахад МБХЗ өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын эдийн засаг, банк, төсөв, санхүүгийн талаар Монголбанк, Сангийн яам мэргэжлийн байгууллагуудын хувьд хамтран ажилладаг, монгол түмний өмнө хамтын хариуцлага хүлээдэг эрх зүйн үндсийг олон улсын шилдэг туршлагыг харгалзан тогтоох нь зүйтэй гэсэн санааг МБХЗ-ийн дарга Д.Даваасамбуу, Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийг өргөжүүлэх, түүний хөндлөнгийн хяналтын гишүүд, үүрэг ролийг тодорхой болгох талаар Монголбанкны хуульд оруулах санал танилцуулсныг гишүүд анхааралдаа авлаа.

Хяналтын зөвлөл нь 2019 оноос эхлэн Төв банк (Монголбанк)-ны хуульд болоод Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах нь зайлшгүй болсон талаар хэлэлцэж ирсэн. Энэ ээлжит хурлаараа ХЗ-ийн ажиллах журамд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, санал боловсруулах талаар мэдээлэл сонсож, цаашид Монголбанкны тухай хууль, Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг олон улсын жишиг, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр боловсронгуй болгох талаар судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал дүгнэлтээ танилцуулах талаар ярьж тохиров.

Эцэст нь Хяналтын зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, батлав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version