НийгэмFocus

120 гаруй хүнийг угаарын хийд хордохоос сэргийлжээ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, “Таван толгой түлш” ХХК  зэрэг байгууллагаас долоо хоног бүрийн даваа гарагт нийслэлийн агаар, орчны бохирдол болоод түүнийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах гэсэн таван зөрчил илрүүлж, 205 шуудай түлшийг Амгалан дулааны станцад буулгаж, зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байгаа гэнэ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс, агаар бохирдуулагч түлш түлж байгаа эсэхэд шалгалт хийжээ.

Энэ талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарах гэсэн, мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгалаа. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн явцад мөн тогтмол хяналт шалгалт хийж байна.  Лабораторийн шинжилгээгээр түлшний дэгдэлт, чийглэг, дэгдэмхий, бат бөх, илчлэг, хүхэр зэрэг үзүүлэлт нь стандартын шаардлага хангаж байна. Мөн цагдаагийн байгууллага, “Таван толгой түлш” ХХК дүүрэг хороодын албан хаагч нартай хамтран гэр хорооллын 135 мянган аж ахуйн нэгж байгууллага, иргэний түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийхэд дөрвөн зөрчил илэрч, энэ дагуу Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан” хэмээв.   

“Таван толгой түлш” компанийн хувьд өдөрт 3200 тонн түлш үйлдвэрлэж, энэ хэмжээний түлшийг түгээж байна. 426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд буюу эрчим хүчний баяжуулсан нүүрсийг нөөцөлжээ. Энэ нь өвөлд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ бөгөөд 2400 тонн орчим барьцалдуулагч бодис нөөцөлсөн нь 20 хоногийн нөөц гэнэ. Иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авч байгаа бөгөөд үйлдвэрт 1.6 сая ширхэг шуудай байгаа. Сайжруулсан түлшийг 600 борлуулалтын цэгээр 203 автомашинаар иргэдэд түгээж байгаа юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал  “Манай 600 гаруй ажилтан гэр хорооллын 190 мянга гаруй өрхийг угаарын хийн хордлогоос сэргийлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт таван дуудлага ирж, долоон хүн угаартсан. Энэ таван айл нь жирийн монгол зуухтай, зуухны битүүмж, галлагааны стандарт алдагдсан. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв байнгын хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт 72 айлд угаарын хий ялгарч байгааг хяналтын дэлгэцээс илрүүлэн 120 гаруй хүнийг угаарын хийд хордохоос сэргийлж чадлаа” хэмээн мэдээлэв.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын  РМ 2.5 тоосонцор, РМ 10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий, озон зэрэг түгээмэл бохирдуулагч бодисын тооцоог гаргасан байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад дээрх бохирдуулагчдын хэмжээ багассан үзүүлэлтэй гарчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад тоосонцор болоод азотын давхар ислийн хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт  Хайлааст, нэгдүгээр хороолол орчимд агаар их бохирдолтой, Нисэх, Зуун айл, Амгалан, Зурагт, Баруун дөрвөн зам орчимд бохирдолтой, бусад газруудад бага бохирдолтой гарчээ.

Мэргэжилтнүүд өнгөрсөн оны мөн үед “Ковид-19” цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон байсан бол энэ жилийн тухайд автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж, сайжруулсан түлшний хэрэглээ ч өмнөх оныхоос өссөн гэдгийг тодотгож байлаа. Сайжруулсан шахмал түлшний чанарын тухайд НМХГ-аас байнгын хяналт тавьдаг бөгөөд 2018 онд үйлдвэрлэж эхлэх үеийн түлшний чанар өнөөдөр ч алдагдаагүй гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч мэдэгдлээ.

     НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version