ХАА-н салбарОнцлох

Ц.Алтантуяа: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинээр олон зохицуулалт орсон

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяагаас 2021 оны 5-р сарын 6-нд батлагдсан Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар тодрууллаа.  

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар зохицуулалтууд орсон бэ?
-Шинээр батлагдсан Хоршооны тухай хуульд цоо шинээр нэр томьёоны тайлбар орж ирсэн. Энэ нэр томьёоны тайлбараар хоршооны гишүүн гэж яг хэн бэ, хоршооны бараа бүтээгдэхүүн, хоршооны гишүүддээ үзүүлэх үйлчилгээ гэж юу вэ, гишүүндээ төлөх төлбөр, гишүүддээ хуваарилах ногдол орлого гэж юу вэ гээд өмнөх хуульд төдийлөн нарийвчлан тодорхойлж гаргаж ирээгүй байсан нэр томьёонуудыг тайлбар тодорхойлолттой тусгасан. Эдгээр нь хоршоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд, санхүүгийн тайлангаа гаргахад чухал томьёоллууд болж өгсөн.

Хуульд хоршооны зохион байгуулалт, дарга, хяналтын зөвлөл, бүх гишүүдийн хурлын шийдвэрлэх ёстой асуудал, эрх үүргүүдийг илүү нарийвчлан оруулж өгсөн.

Өмнө нь хоршооны үйл ажиллагаанд доголдол гарахад гишүүд нь нөхөх хариуцлагатай байсан. Энэ нь гишүүдийн хоршоондоо итгэх итгэлийг бууруулж, үйл ажиллагаанд хайнга хандаж, өр төлбөрт оруулж болзошгүй учраас нөхөх хариуцлагыг хассан. Гишүүн зөвхөн хоршоонд нийлүүлсэн хөрөнгөөрөө л нөхөх хариуцлага хүлээхээр оруулсан.

Хоршоо хариуцаж байгаа төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэдгийг цоо шинээр бүлэг болгон оруулж ирсэн. Үүгээрээ хоршоонд чиглэсэн төрийн захиргааны байгууллагуудын дэмжлэг нэмэгдэнэ. Мөн орон нутгийн засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гэж оруулж ирснээрээ аймаг, сумын удирдлагууд орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг дэмжиж ажиллахаар хуульчлагдсан.

Хоршоодын холбоодын талаар заалт бүлэг орж ирснээр энэ холбоод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хоршоог эгнээндээ нэгтгэх үүрэгтэй болсон. Ингэснээр хоршоодын мэдээллүүд илүү нэгтгэгдэж, илүү нарийн гарч ирнэ. Хоршоодын нийгэм болон эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг тодорхой болно гээд маш олон өөрчлөлтийг оруулсан шинэчилсэн найруулга болсон. Хуулийг дагаад НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын гишүүд НӨАТ-ын тухай хуулийн 14.1.2-д заасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хоршоо нь зуучлан борлуулсан бол НӨАТ төлөхгүй байхаар болсон.  

-Хоршооны 100 жилийн ойтой холбоотойгоор хоршоодод чиглэсэн ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
-Энэ жил Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Тэртээ 1921 оны 12-р сард Монгол Улсад “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэйгээр анхны хоршоо байгуулагдаж байсан. Үүнээс хойш хоршоо нийгмийн янз бүрийн үеийг туулаад 100 жилийнхээ нүүрийг үзэж байна. 12-р сарын 24, 25-нд улс орон даяар хоршооллын салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна.

-Бодлогын ямар дэмжлэг үзүүлж байна?
-100 жилийн ойд зориулан хоршоологчдод барьж буй хамгийн том бэлэг бол Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Энэ хуулийн анхны төсөл тэртээ 2006 онд гарсан. Энэ хугацаанд бид хуулиа өргөн барьж батлуулах хүртлээ 10 гаруй жилийг тууллаа. Олон жилийн хичээл зүтгэлийн үндсэн дээр 100 жилийн ойн босгон дээр хоршоологчдодоо зориулсан хууль батлагдлаа. Өмнөх хуулиар зохицуулдаггүй эсвэл зохицуулалт нь нэлээн бүрхэг байсан маш олон зүйлийг оруулж өгсөн.

Хууль баталсантай холбогдуулж УИХ-ын 40-р тогтоол энэ оны 5-р сарын 6-нд гарсан. Энэ тогтоолд хоршооллын салбарт хэрэгтэй маш олон ажлыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний нэг нь Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр юм. Сангийн журам бэлэн болоод удахгүй ХХААХҮ-ийн сайдаар батлагдах юм бол хоршоологчид барьцаа хөрөнгө дутмаг байдгаас болж арилжааны банкнаас зээл авч чаддаггүй байсан асуудал шийдэгдэнэ. Сум хөгжүүлэх санг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг хоршоодод давуу эрхтэйгээр олгодог Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөн зохион байгуулж байна. Энэ нь бидний зүгээс бодлогод нэлээн сайн нөлөөлж ажилласны үр дүн.

Мөн 2022 оныг Засгийн газраас хоршоо дэмжих жил болгон зарлуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Түүнчлэн хоршоодын бүртгэлийг цэгцэлж шинэчлэх, бусдадаа үлгэр дууриалал болохуйц, шилдэг хоршоодыг шалгаруулах зэрэг маш олон зүйлд төвлөрөн ажиллаж байна.

-Улсын хэмжээнд хэчнээн хоршоо үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай улсад 4468 хоршоо улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. 2020 онд улс даяар явуулсан хоршооны хөгжлийн үнэлгээгээр 2229 хоршоо үнэлэгдсэн байдаг. Үлдсэн хоршоодын үйл ажиллагаа нь зогсонги, татан буухад бэлэн болсон. Тэгэхээр  тооны араас хөөцөлдөх биш төрийн бодлогоор чанартай хоршоог дэмжээд явах ёстой. Энэ ч үүднээс үйл ажиллагаа нь доголдсон, зогсоод олон жил болсон хоршоог цэгцлэх бодлого барьж ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version