НийтлэлFocus

Аврал эрсэн амины эцсийн найдвар “аврагч” та билээ

“Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн зочноор Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын II бүлгийн аврагч усчин, ахлах ахлагч Ө.Өсөхбаярыг онцолж байна. Түүний хөргийг “Өвөрхангайн мэдээ” сонины сэтгүүлч Б.Мөнгөлөгийн бичсэнээр та бүхэндээ хүргэе.

Ө.Өсөхбаяр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт 16 дахь жилдээ гал сөнөөгч, усчин аврагчаар ажиллаж байна. Энэхүү он жилүүд бол ой, хээрийн түймэр, цасан болон шороон шуурга, үер усны аюул, дүрэлзэн асах гал, автомашины осол гээд гамшиг осол, гал, усны гашуун зовлон дундаас олон эрдэнэт хүний алтан амийг аварсан энгүй их үйлсийн хэлхээс юм. Хэн бүхэнд тохиодог хувь тавилан, хэн ч хамаагүй хийчихдэг ажил биш.

Ялангуяа Өвөрхангай аймгийн хувьд  Орхон, Онги зэрэг томоохон голуудтай, Найман нуур, Орхоны хүрхрээ гээд нуур ус элбэгтэй. Говийн сумдын нутагтаа аадар борооны усыг ангасан хөрс нь шингээж чадахгүй хавийн амьтдыг хөмрөн авах үер усны аюул ч цөөнгүй.

Баруун аймгуудын төв зам дамжин өнгөрдөг, хөл хөдөлгөөн ихтэй, хүн ам ч олонтой нутаг. Жаргал зовлон ээлжлэх хүний амьдралын өдрүүдэд юу эс тохиолдох вэ. Гамшиг осол, гай зовлон нөмрөхөд хэний ч санаанд хамгийн түрүүнд Онцгой байдлын албаны аврагч орж ирнэ, аврал эрэн дуудна. Дуудсан дуудлага бүрт халширч няцахгүй, харанхуй бүрий гэж хойш тавихгүйгээр аврагч хүн байнгын бэлэн байдалд байдаг нь тэдний ажлын онцлог.

Иргэдийнхээ төлөө эр зориг, эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан гамшиг осол, гал, устай тэмцсэн тэмцэл дунд энэ албаны эгэл бор эрчүүд хатуужиж, хатан болд сэлэм шиг давтагддаг.

2005 онд аймгийн ХДТ-ын дэргэдэх 2 давхар байшинд томоохон гал гарч, үзэгдэх орчин хязгаарлагдмал, галын голомт тодорхойгүй, халуун гал, гашуун утаан дунд орохдоо шатаж буй шонгоос уясан нохойг аварч, түүндээ баярлаж, алдаж болохгүй, шантрах эрхгүй албанд эргэлт буцалтгүй орсноо ойлгосон хэмээн Ө.Өсөхбаяр анх аврагч болсон тухайгаа дурсан ярив.

Онцгой байдлын албаны хэллэгээр нас барсан хүнийг “Буцалтгүй нэрвэгдэгч” гэх. Авто осол, үер усны аюулд өртсөн хүн амьд үлдэх нь ховор, ихэвчлэн нас барсан байдаг гэнэ.

… Энэ оны 8 дугаар сард Улаан цутгалангийн хүрхрээний усанд сэлж тоглож байхдаа хүрхрээний эргүүлэгт орж живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа хоёр өдөр, нэг шөнө үргэлжилжээ.  Ө.Өсөхбаяр 12 метр усны гүн рүү орж, 4-5 метрийн зайд буюу дээр аврагч нөхөр нь олсоор холбогдон орж, живсэн хүнийг хайж олж, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Өчүүхэн л алдаа гаргавал өөрийн болон хамт ажиллаж буй аврагч нөхрийнх нь амь нас эрсдэлд орох учраас хором мөч бүхэнд сонор сэрэмжээ алдахгүй байх нь чухал. Аврагч нөхрийнхөө аюулгүй байдлыг хангах, өөрөөсөө гадна дэргэдэх нөхрөө хамгаалж, алдаа гаргах эрхгүйгээр аврагч хүн ажлаа хийдэг.

Ингэж бүтэн хоёр өдөр, нэг шөнө хайсны эцэст “буцалтгүй нэрвэгдэгч”-ийг усны гүнээс олж гарган иржээ. Аливаа осолдсон, нас барсан хүнийг усны гүнээс гаргаж ирэхдээ биед нь ямар нэгэн шарх сорви, гэмтэл учруулахгүйгээр маш болгоомжтой авч гарч ирнэ, энэ бас л амаргүй. Аврагч нар ингэж л ажилладаг. Энэ бол аврагчийн энгийн нэгэн ажлын өдөр нь.

 Гал, ус хоёрт ам гарч болдоггүй гэдэг үгийг байнга санаж явдаг тэрээр “гал, усны гашуун зовлон гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү дээ” гээд сануулах мэт хэлэв. Энэ бол олон жил байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг осолтой амь, биеэрээ тэмцэлдсэн аврагч хүний чин сэтгэлийн үг юм.

“Авто осол дээр очих л хэцүү, хүний бие бүтэн байна гэж байхгүй, цусны үнэрт эвгүйцэж, зүрх зүсэгдэх шиг болдог байсан” хэмээн тэрээр анхны дуудлагын хүнд хэцүүхэн үеэ дурсав. “Түймрийн утаа, хиншүүний үнэр бүтэн сар биеэс салахгүй үнэртдэг юм шүү дээ” гээд инээж суух энэ залууг харахад эх орондоо өргөсөн тангараг, ард иргэдийнхээ төлөө зүтгэх үүрэг хариуцлагаа үнэнчээр биелүүлдэг, аргагүй л аврагч хүн юм даа гэж бахархах сэтгэл өөрийн эрхгүй л төрөх… Энэ олон жил энгүй их үйлсийг бүтээхдээ хэцүү хатуугаас халшраагүй, эгэл даруухан орших Аврагч таны гавьяа яасан их юм бэ…

Аврагчийг аврагч ах нар нь сургадаг. Хүнд хэцүү, хатуу хөтүүгээс халширч шантрахад нь “толгой дээрээ төрийн сүлдээ залсан хүнд муу юм халддаггүй юм, төрийн сүлд чинь юунаас ч чамайг хамгаална” хэмээн захьсан аврагч ах нарын сургааль өнөөдрийг хүртэл түүнийг сургаж, хүмүүжүүлж, хатуужуулж, бас хамгаалж  яваа.

Ө.Өсөхбаяр жилд дунджаар 20 гаруй удаа гамшиг ослын дуудлагад явж, олон ч хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Гал, ус, гамшиг осол дундаас хүний амь авраад гарч ирэхдээ энэ л албаараа бахархаж, хүнд хэцүүг мартдаг, эх орныхоо өмнө өргөсөн тангаргаа бодож, бид л орохгүй бол өөр хэн орохов гэж бодон гал, устай амь, биеэрээ тэмцэлддэг аврагчийн тухай цөөн үгээр хүргэхэд ийм ажээ.

 Дуудлага бүрт алдаа эндэгдэлгүй, нэр төртэйгөөр үүргээ биелүүлчихээд гэртээ, гэргийдээ, үрсдээ очих зам түүний амьдралын хамгийн сайхан мөч.

Гэсэн ч аврал эрсэн амины эцсийн найдвар нь Аврагч та л билээ.

Эх сурвалж:”Онцгой мэдээ” сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version