Байгаль орчинЗочны ярилцлага

Л.Мөнхнасан: 2050 он одоо байгаа ургамал, амьтдын 15-37 хувь нь устаж үгүй болох магадлалтай байна

БНСУ-ын Кореа их сургуулийн судлаач профессор, доктор Ламчингийн Мөнхнасантай ярилцлаа.

-БНСУ-ын Кореа их сургуулийн судлаач профессороор ажилладаг гэсэн. Энэ сургуульд ямар чиглэлээр судалгаа хийдэг юм бэ?

-Миний хувьд анх 2012 онд БНСУ-ын Кореа их сургуулийн Хүрээлэн буй орчин, экологи инжнерийн тэнхимийн Байгаль орчны зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийн лабораторид докторт сурахаар ирж байсан. 2016 онд доктороо хамгаалаад нэг жил докторын дараах судалгаа хийхээр судлаачаар ажилласан. Одоог хүртэл энэ сургуульдаа судлаач профессороор ажиллаж байна. Миний судалгааны гол чиглэл нь газрын доройтол, ургамлан бүрхэвчийн олон жилийн судалгаа болон газрын бүрхэвчийн өөрчлөлт, уур амьсгалийн өөрчлөлт болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарал зэрэг судалгааг зайнаас тандан судладаг.

-Уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйл хоорондын харилцан хамаарлаас үүдэн хүн төрөлхтөнд учирч буй сөрөг нөлөөллүүдийн талаар судалдаг гэлээ. Хүмүүсийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж, яаж илэрч байгаа вэ?

-Юуны түрүүнд “Хүн төрөлхтөн дэлхийн дулааралд нөлөөлж, түүнийг үүсгээд байгаа юм уу? Дэлхийн дулаарал хүн төрөлхтөний амьдралд нөлөөлөөд байгаа юм уу?” гэдэг асуулт гарч ирнэ. Одоогийн байдлаар хүн төрөлхтний нилээдгүй хэсэг нь дэлхийн дулаарал хүн төрөлхтөнд шууд нөлөөлж байгаа гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл дэлхийн дулааралд 1950 оноос хойш хүний хүчин зүйл голлох үүрэгтэй болж ирсэн. Энэ нь агаар мандал дахь хүлэмжийн хийг нэмэгдүүлснээр 19-р зууны сүүл үеэс дэлхийн дундаж температур 1.8°F (1.0°C) нэмэгдсэн гэж үздэг.

Яах аргагүй хүн төрөлхтөн дэлхийн дулаарлыг бий болгож, түүний хор уршиг нь эргээд хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлж байна. Одоогийн байдлаар хүн төрөлхтөн жил бүр шатамхай түлшнээс 9.5 тэрбум тонн, замбараагүй ой огтлолт, түймрээс болон бусад газрын бүрхэвчийн өөрчлөлтөөр 1.5 тэрбум тонн нүүрстөрөгчийг тус тус агаар мандалд бий болгодог.

Эдгээр хүний хүчин зүйлээс үүдэлтэй нүүрстөрөгчийн 3.2 тэрбум тонныг ой мод болон ургамлан бүрхэвч, 2.5 орчим тэрбум тонныг далай тэнгис тус тус шингээж жил бүр агаар мандалд 5 орчим тэрбум тонн нүүрсхүчлийн хий үлддэг гэх судалгаанууд байна.

Хүн төрөлхтөн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийг 1750 оноос хойш бараг 50 хувиар нэмэгдүүлсэн гэх тооцоолол ч байдаг. Түүнчлэн дэлхийн олон оронд хэт халалтаас улбаатайгаар өвчлөл, нас баралт нэмэгдэхийн зэрэгцээ ажлын бүтээмж буурсан (зарим халуун бүсэд 10% хүртэл) нь эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргэсэн талаарх судалгаанууд ч хийгдсэн.

Үүнээс гадна эрүүл ахуй, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалд ихээхэн нөлөөлж, шөнийн температур нэмэгдэх нь цагаан будааны гарцыг бууруулж, далайн температур нэмэгдэхийн хэрээр загасны хэд хэдэн попульяци шилжилт хийснээр олон сая хүний ​​хоол тэжээлийн уургийн хангамжид нөлөөлөөд байгаа судалгаанууд гарсан.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр газрын доройтол ихсэх, далайн түвшин нэмэгдэх, цэнгэг усны нөөц буурах, хүнсний хомсдол үүсэх, олон хүнийг албадан нүүлгэн шилжүүлэх зэрэг сөрөг нөлөөлөл нэмэгдэж, үүнд хүүхдүүд, өндөр настнууд, нутгийн уугуул иргэд, орлогын эх үүсвэр багатай эмзэг бүлгийн иргэд, гадаад ажилчид, алслагдсан нутгийн оршин суугчид илүү их өртдөг.

-Зайнаас тандан судлалд үндэслэн сансрын зургийг ашиглаж газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тодорхойлдог судалгааны ажлынхаа талаар тайлбарлаж өгөөч?

-Өнгөрсөн 26 жилийн хугацаанд газрын бүрхэвч хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар дэлхийн хэмжээнд судалж үзсэн. Бид 1992-2018 оны хоорондох газрын бүрхэвчийн 6 ангилал тус бүр дээр хувь хэмжээ, өөрчлөлт, шилжилтийн эрчмийг (quantity, exchange, and shift) тооцоолж, дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ тив болон уур амьсгалын бүсийн хэмжээнд судалсан.

Судалгааны дүнгээр 26 жилийн хугацаанд уур амьсгалын халуун бүсэд тариалангийн талбай, суурин газар нэмэгдэж, ойн бүрхэвч нь буурсан байсан. Европ тивд тариалангийн талбай хамгийн их буурсан бол Африк тивд ойн бүрхэвч хамгийн их нэмэгдэж, Өмнөд Америкт ойн бүрхэвч хамгийн ихээр буурсан ч хот суурин газрын талбай Ази, Африк, Европ тивд хамгийн их нэмэгдсэн нь ажиглагдсан.

-Монгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувьд нь хөрсний доройтолын шинж тэмдэг илэрч, ургамлын бүрхэвч улам бүр цөөрч байгаа талаарх судалгаанууд гарч байна. Мэдээж дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй салшгүй холбоотой ч өөр олон хүчин зүйлүүдээс шалгаалж байгаа болов уу. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монгол орны хувьд байгалийн болон хүний хүчин зүйлийн улмаас газрын доройтол нэмэгдэж байгаа. Дээрээс нь газарзүйн хувьд хуурай гандуу бүс нутагт нилээдгүй хувь нь хамрагддаг. Энэ нь доройтолд өртөмтгий газар нутагт тооцогдоно. Үүн дээр нэмээд уул уурхайн ашиглалт, замбараагүй гаргадаг шороон зам, ой модны хууль бус ашиглалт, ойн түймэр, бэлчээрийн даац хэтрэлт гэх мэт хүний үйл ажиллагаатай холбоотой нилээдгүй хүчин зүйлүүд нөлөөлж байгаа.

Манай Монголчууд байгальтайгаа зөв зохицон амьдрах, байгаль хамгаалах уламжлалт арга технологи ихтэй ард түмэн. Түүний нэг жишээ нь малчид бэлчээрээ сэлгэн ашигладаг. Гэтэл бэлчээрээ сэлгэн ашиглахаа больсноос тухайн газрын бэлчээрийг доройтолд оруулж байна. Тиймээс уламжлалт мэдлэгээ орчин үеийн дэвшилтэт арга технологитой хослуулан бэлчээр нутаг, байгалиа хамгаалвал илүү үр дүнтэй байх болов уу гэж боддог.

-Байгаль цаг уурын өөрчлөлтийг хор хөнөөлийг бууруулж, хөрсний шимт чанарыг нэмэгдүүлж, ургамлан бүрхэвчийг сайжруулж  чанаржуулахад хамгийн зөв зохистой ажил нь мод тарих гэж үздэг. Энэ талаарх таны бодол?

-Өнөөдөр дэлхий нийтээрээ мод тарьж, ногоон бүрхэвч бий болгохыг чухалчилж байна. Мэдээж мод тарих нь маш чухал эерэг нөлөөтэй. Гэхдээ доройтсон газрыг нөхөн сэргээх зорилготой юу эсвэл агаарын бохирдлыг бууруулах зорилготой юу гэдгээс хамаараад зарим судлаачид шинээр мод тарих уу? одоо байгаа ойгоо хамгаалах уу? гэсэн асуултыг тавидаг.

Жишээ нь, мод агаар дахь нүүрстөрөгчийг өөртөө шингээх бөгөөд нүүрстөрөгчийг багасгах бусад аргуудаас ялгаатай нь үнэтэй технологи шаарддаггүй. Түүнчлэн утааг бууруулахад одоо байгаа ой модоо устгахаас урьдчилан сэргийлэх нь чухал. Шинээр мод тарих эсвэл ойг нөхөн сэргээх нь шийдлийн нэг хэсэг байж болох ч одоо байгаа ойг хамгаалах нь нэн тэргүүний зорилт байх ёстой гэж зарим судлаачид үздэг.  

Учир нь модны өсөлт нэмэгдэхийн хэрээр нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө шингээх чадвар нь дээшилдэг. Тиймээс 1-рт одоо байгаа нэгэнт ургасан ой, ногоон бүрхэвчээ хамгаалах хууль тогтоомжийг нь чангатгах, 2-рт ойгоо нөхөн сэргээх, шинээр мод бут тарих, ойн зурвас байгуулах гэх мэтээр ногоон бүрхэвчийг нэмэгдүүлэх зэрэг нь хамтдаа байх салшгүй ойлголтууд юм.

Манай орон шиг өргөн уудам газар нутагтай газрын доройтол эрчимтэй нэмэгдэж буй оронд мэдээж шинээр мод тарьж, ногоон бүрхэвчийг нэмэгдүүлэх нь зүй ёсны хэрэг. Түүнийгээ дагаад органик хөдөө аж ахуйг хослуулж, иргэдийн орлогыг дэмжих хэлбэрээр ажиллах нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд ойн зурвас, мод үржүүлгийн газруудыг ихээр бий болгож байна. Түүний нэг жишээ нь Ногоон Ази сүлжээ ОУ-ын ТББ-ын хийж буй ажлын үр дүнгүүд гэж боддог.

-Байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн цөлжилт, газрын доройтолд автсан зарим аймаг сумын иргэд амьдарч байгаа нутаг орноо орхин нүүдэллэх тохиолдол цөөнгүй гардаг. Хувь иргэний хувьд амьдралын чанараа сайжруулж, илүү боломжийг эрэлхийлсэн үйлдэл байж болох ч төрж өссөн нутаг орондоо хэрэгтэй зүйлсийг хийхэд анхаарах нь ирээдүй үр хойчийнхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм болов уу. Нөгөө талаар нутгаа эзэнгүй орхиод өөр газар оронд суурьшиж ачаалал нэмэгдүүлнэ. Энэ үзэгдэл малчдын дунд илүүтэй гардаг. Энэ талаарх таны бодол?

-Энэ бол environmental migration (хүрээлэн буй орчны доройтлоос үүдэлтэй шилжилт хөдөлгөөн) гэж нэрлэдэг шилжилт хөдөлгөөн юм. Миний хувьд мэдээж өөртэй чинь санал нэг байна. Гэвч амьдрах орчноо сайжруулахын төлөө шилжилт хийж буй тухайн малчныг бид буруутгах нь өрөөсгөл. Нөгөөтэйгүүр малчид бол байгаль хамгаалагчид. Тиймээс малчидтайгаа нягт холбоотой ажиллаж байж бэлчээр нутгаа, байгалиа хамгаалах боломжийг нэмэгдүүлж чадна.

Нутгийн уугуул иргэд болох малчид маань тухайн орон нутгаа хэнээс ч илүү хамгийн сайн мэддэг. Тиймээс төрөөс малчдын талаар баримтлах бодлогоо сайжруулж малчны бүлэг, хоршоо, нөхөрлөлүүдийг дэмжих, малчин өрхөд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах боломж, бололцоог олгох, отрын бүс нутаг байгуулах, сумдад бэлчээр ашиглалтын холбоог ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй юм болов уу.

-Байгаль, нийгмийн аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь улс орны хөгжлийн гол шалгуур гэж үздэг. Магадгүй манай улсад энэ хоёр асуудлыг нэг цул болгож харж чадахгүй байх шиг санагддаг. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн хардаг вэ.

-Шинжлэх ухаан бол мэдлэгийг системтэйгээр хайх арга зам юм (шинжлэх ухаан гэдэг нь мэдлэг гэсэн утгатай латин үгнээс гаралтай). Тэр ч утгаараа шинжлэх ухаан дээр суурилж хүн төрөлхтний амьдрал, шинжлэх ухааны хөгжлийг дагаж хүн төрөлхтний хөгжил урагшилдаг. Энэ хандлага мэдээж их олон түвшинд яригдах асуудал бөгөөд түүний нэг нь хүн бүрт байх ёстой.

Жишээлбэл, иргэн бүр идэж ууж буй хоол хүнс, эрүүл мэнд, оршин тогтнож буй орон зай орчин энэ бүхэнд шинжлэх ухаанч, үндэслэлтэйгээр хандах нь маш чухал асуудлын нэг болоод байна. Цаашлаад улс орны хөгжил, эдийн засагт шинжлэх ухааны үндэстэй, тоо баримттай хандаж байж л зөв бодлого төлөвлөлт гарна. Тиймээс шинжлэх ухаанч хандлага бол таны, та бүгдийн өөрсдөдөө төлөвшүүлж, баримталж сурах хамгийн чухал зүйл.

-Олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнгээс харахад дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн таагүй үр дүн хэзээ хамгийн тодоор илэрч эхлэхээр байна. Зарим эрдэмтэдийн судалгаагаар энэ зууны дунд үеэс гэж тооцсон байдаг. Хүмүүсийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөл нь мэдэгдэж эхлэх энэ хугацааг хойшлуулахын тулд бид юуг хамгийн түрүүнд хийж чадах вэ. Эрдэмтэний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зарим судалгаанаас харахад 2100 он гэхэд дэлхийн дундаж температур 0.9 – 5.4°F (1-3°C) хүртэл нэмэгдэх магадлалтай. Дэлхийн дундаж температурын өсөлт харилцан адилгүй байхын зэрэгцээ зарим бүс нутагт эсрэгээрээ сэрүүсч хавар эрт болж, өвөл илүү дулаан болно. Энэ үйл явц нь зарим бүс нутагт сайнаар нөлөөлж ч болно. Гэвч тус өөрчлөлт нь энэ зуунд цаашдаа ч үргэлжлэх магадлалтай гэсэн судалгаанууд нилээдгүй харагдаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлт илүү эрчимтэй явагдахаас урьдчилан сэргийлж хариу үйлдэл үзүүлэх нь нь дэлхий нийтийн тулгамдсан чухал асуудлын нэг болоод байна. Үүний тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг аль болох хурдан бууруулах, нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний технологийг хөгжүүлж, чулуужсан түлшний шаталтыг бууруулах, бодлого боловсруулах, ойг хамгаалах, ойжуулалтыг дэмжиж сэргээгдэх эрчим хүч ашигладаг дулааны хэмнэлттэй орон сууц түлхүү ашиглах, бензин хөдөлгүүрт автомашины тоог багасгах бодлого боловсруулж, нэвтрүүлэх гэх мэтийг бодлого боловсруулагчид үр дүнтэйгээр ажил хэрэг болгох нь нэн шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. 2050 он гэхэд дэлхийн дулаарлыг сааруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад 50 орчим их наяд доллар шаардагдана гэсэн тооцоолол байдаг. Зарим судлаачид нүүрстөрөгчийн давхар ислийг хохирол учруулж болзошгүй хэмжээнд хүргэхгүйн тулд одооноос буюу 10 орчим жилийн хугацаанд эрчимтэй ажлууд хийхгүй бол болохгүй. Урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд одоо байгаа ургамал, амьтдын 15-37 хувь нь устаж үгүй болох магадлалтай. 2100 он гэхэд дэлхийн бүх зүйлийн тал хувь нь устаж болзошгүй гэж таамаглаж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Ногоон Ази сэтгүүл 2021 он

Ярилцсан: П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version