СурвалжлагаУрлаг спортFocus

Соёлын өвийн бага театр байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс болох соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах зорилгоор ирэх онд “Соёлын өвийн бага театр” байгуулах хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2021.12.17/ боллоо.

Ёслолын ажиллагаанд соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч МУ-ын тэргүүлэх зэргийн ерөөлч магтаалч Өмнөговь аймгийн С.Мөнхжаргал, Морин хуурч МУСТА О.Баттөгс, дөрвөдийн алдарт бий биелээч Г.Баяртай ач нарын хамт авьяас билгээ гайхуулав.

Рио Тинто Монгол компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: “Rio Tinto нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёлын өвийг тэргүүлэх салбар хэмээн дэмждэг ба 440 сая төгрөгний ивээн тэтгэлгийг Соёлын яам-ны харьяа Соёлын Өвийн Үндэсний Төв -ийн театрыг байгуулахад хандивлаж буй. Монголчуудын оюуны соёлын үнэт зүйл болох соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулах 162 мкв талбай бүхий 100 хүний багтаамжтай бага театрыг Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор шинээр байгуулна”

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Засгийн газраас Соёлын яамыг шинэчлэн байгуулсны дагуу соёлын өвийг хамгаалах чиглэлийн өндөр түвшний ажлуудыг хийж эхэлж байгаа. Үүний нэг ажил нь “Соёлын өвийн үндэсний төв”-ийг шинээр ашиглалтад оруулсан. Энэ байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд холбогдох төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг дэмжиж байгаа. Үүний хүрээнд соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч нарт зориулсан бага театрыг тохижуулах ажлыг “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтарч  ашиглалтад оруулахад хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсад 10.800 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хүмүүс байдаг. Энэ хүмүүс  өөрсдийнхөө урын санг олон нийтэд танилцуулах, сурталчлах, сургалт явуулахад зориулсан төрөлжсөн төв байдаггүй. Манай үндэсний төвд үүнийг бий болгож, доторх тохижилтыг “Рио Тинто” компанитай хамтарч хийж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь манай байгууллагын хувьд томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна. Цаашдаа ч мөн тогтвортой хамтарч ажиллахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Уг төслийн хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл ажиллах болсондоо баяртай байна. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 10,000 гаруй соёлын өв тээгчдийн өвийг энэхүү шинэ театраараа дамжуулж олон нийтэд түгээж, хүүхэд залуучуудын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Энэ хүрээнд Монголын соёлын өвийн үндэсний төвд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах, боловсролын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулахад ихээхэн хувь нэмэртэй гэж үзэж байна” гэлээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version