УИХОнцлох

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлуулна

    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.12.16) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг  05 минутад эхэлж, Засгийн газраас  2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 14.4 дэх хэсгийн “Зохицуулах зөвлөлийн ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн албан хаагч байх бөгөөд ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны” гэснийг “Зохицуулах зөвлөлийн орон тооны ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн албан хаагч байх бөгөөд” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн “15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “улиралд нэгээс доошгүй удаа” гэснийг “жилд хоёроос доошгүй удаа” гэж,” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

    Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Хуулийн төслүүдийг  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нар тус тус танилцуулав.

     Монгол Улсад 2008 онд батлагдсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль мөрдөгдөж байна. Энэ хуулийн 38 дугаар зүйлд “иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг”-ийг гаалийн татвараас чөлөөлөх жагсаалтад оруулсан бөгөөд хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 10  жилийн дараа “Монгол Улс 2018 онд Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсон. Энэхүү хэлэлцээрийн 2.1.1-д хэлэлцээрээр чөлөөлөгдөх барааны жагсаалтыг гаргасан тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийг хэлэлцээрт нийцүүлэх шаардлагатай болсныг Ц.Нямдорж сайд  тодотгоод хуулийн 38.1.9 дэх хэсгийг өөрчлөн найруулах шаардлага үүссэн гэв.

    Мөн тэрбээр, хуулийн  38.1.9. “иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг” гэсэн хэсгийг  “зорчигч тээврийн хөлөг онгоц болон дагалдах сэлбэг, материал, засварын тоног төхөөрөмж, багаж зэргийг гаалийн татвараас чөлөөлнө” гэж өөрчлөн найруулах болсон гэж байлаа.

       Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хийсэн.   

    Хууль санаачлагч Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор агаарын хөлөг, хөдөлгүүр, нислэгийн дадлагажуур, түүний сэлбэг тоног төхөөрөмжийг түрээсээр болон худалдан авахад илүү хялбар болж, ашиглалтыг нэмэгдүүлснээр нисэхийн салбарын хөгжилд дэмжлэг болох бөгөөд Хэлэлцээрийн оролцогч талын хувьд цэргийн зориулалтын агаарын хөлгөөс бусад бүх агаарын хөлөг, түүний бүтээгдэхүүний импорт, түүнтэй холбогдох гаалийн татвар болон бусад хураамжийг арилгах, энэхүү зохицуулалтыг дотоодын хууль тогтоомжид тусгах үүрэг хүлээсэнтэй холбоотойгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Г.Амартүвшин гишүүн танилцуулгадаа онцолсон.

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зардлын тооцоог хийж ирүүлсэн бөгөөд энэхүү хуулийг батлан хэрэгжүүлснээр зорчигч тээврээс бусад үйл ажиллагаа явуулдаг агаарын тээврийн байгууллагуудын улсын төсөвт төвлөрүүлэх орлого буурах, үүнээс өөр аливаа иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй, шинээр үүсэн гарах ачаалал, зардал гарахгүй гэж тооцсон байгааг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин санал, дүгнэлтдээ дурдаад хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа. 

    Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Х.Болорчулуун, Б.Жаргалмаа  нар асуулт асууж, санал хэлсэн. 

    Гишүүдийн зүгээс хуулийн төслийн хүрээнд иргэний агаарын хөлөг онгоц, сэлбэг хэрэгслүүдийн татварыг чөлөөлснөөр иргэний агаарын тээврийн үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт гарах эсэх, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан орон нутгаас олон улсруу нислэг үйлдэх асуудлыг шийдвэрлэхэд салбарын яам хэрхэн анхаарч ажиллаж байгааг илүүтэй тодруулав.  

   Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариултдаа, хуулийн төслийн хүрээнд холбогдох татварыг чөлөөлснөөр иргэний агаарын хөлгийн парк шинэлчлэлтийг хийх, хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа  сайжрах, иргэний агаарын тээврийн салбарын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн зардал 10 хувиар буурахыг тодотгоод зардал буурснаар нисгэгч, инженер техникийн ажилтныг сургах, дадлагажуулах сургалтын төв байгуулах, зорчигчид болон нислэгийн тоог  нэмэгдүүлэх боломжтой гэв. Мөн тэрбээр агаарын хөлөг, хөдөлгүүр болон бусад сэлбэг хэрэгслүүдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлснөөр тийзийн үнэ 10-15 хувиар бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол байгааг хариултдаа онцолсон. Түүнчлэн Увс, Ховд, Дорнод, Өмнөговь аймгийн нисэх онгоцны буудлыг өргөтгөх зорилт тавьж, бэлтгэл ажил хангагдаж байна. Орон нутгийн нисэх буудлууд хилийн ойролцоох бүс нутгийн түвшинд шууд нислэг хийх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэв.

    Ингээд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

    Хуралдаан Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, 2015 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.6 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улс 2018 онд Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсон тул татвараас чөлөөлөгдөх бараа бүтээгдэхүүний жагсаалтад өөрчлөлт оруулахаар болсныг тодотгосон. Ингэхдээ НӨАТ-ын тухай хуулийн 13.1.6.-г “хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж өөрчилж, хэлэлцээрт нийцүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов.  

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа  уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан. 

    Тэрбээр танилцуулгадаа, Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор агаарын хөлөг, хөдөлгүүр, нислэгийн дадлагажуур, түүний сэлбэг тоног төхөөрөмжийг түрээсээр болон худалдан авахад илүү хялбар болж, ашиглалтыг нэмэгдүүлснээр нисэхийн салбарын хөгжилд дэмжлэг болох бөгөөд Хэлэлцээрийн оролцогч талын хувьд цэргийн зориулалтын агаарын хөлгөөс бусад бүх агаарын хөлөг, түүний бүтээгдэхүүний импорт, түүнтэй холбогдох гаалийн татвар болон бусад хураамжийг арилгах, энэхүү зохицуулалтыг дотоодын хууль тогтоомжид тусгах үүрэг хүлээсэнтэй холбоотойгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зардлын тооцоог хийж ирүүлсэн бөгөөд энэхүү хуулийг батлан хэрэгжүүлснээр зорчигч тээврээс бусад үйл ажиллагаа явуулдаг агаарын тээврийн байгууллагуудын улсын төсөвт төвлөрүүлэх орлого буурах, үүнээс өөр аливаа иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй, шинээр үүсэн гарах ачаалал, зардал гарахгүй гэж тооцсон гэдгийг онцолсон.

    Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.0 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

    Хуралдааны төгсгөлд Улын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 

  Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нар асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн гэдгийг дурдав.  

    Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа:

    -Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдох 8 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох 6 зарчмын зөрүүтэй санал мөн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлтэй холбогдох 2 зарчмын зөрүүтэй саналаар;

    -Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдох 3 зарчмын зөрүүтэй саналаар;

     -нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед санал хурааж дэмжсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудтай холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, бүлэг, зүйл, хэсэг, заалт, эшлэлийн дугаарыг нийцүүлж өөрчлөх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдох найруулгын 4 багц санал, хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох 1 саналаар санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

    Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг хасах зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулгадаа дурдаад  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалгахаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дахин санал хураалгах шаардлагагүй гэж үзсэн гэж байлаа.

   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ш.Раднаасэд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаас Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарим зүйл, заалт, хэсгийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөнтэй холбогдуулж Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа. 

    Тухайлбал, төслийн 17 дугаар зүйлд “17.5.Улсын Их Хурал энэ хуулийн 17.4-т заасан тогтоол баталсан бол тухайн тогтоолд заасан хугацаанд Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.”, төслийн 19 дүгээр зүйлд “19.7.Улсын Их Хурал энэ хуулийн 19.2,19.6-д заасан тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмэх Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.  

    Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “12.4.Нэр дэвшигчийн сонсголд оролцогч гэж энэ хуулийн 10.2-т заасан оролцогчдыг ойлгоно.”, “23/1.Сонсгол зохион байгуулахтай холбогдон гарах аливаа зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.” гэсэн хэсгийг тус тус  нэмэхээр боллоо. 

   Түүнчлэн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “6.Энэ зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаан, сонсголд оролцсон этгээд дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

    Ингээд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version