Байгаль орчинFocus

Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажлын орон зайн төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо.

Уулзалтаар Ханх сумын төвийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын орон зайн төлөвлөлтөд тулгараад байгаа нуурын эргийн хамгаалалтын бүс, суурьшлын эдэлбэр газрын хил доторх ойн хамгаалалтын бүс болон түүнд харьяалагдаж буй газар олголт, нүүлгэн шилжүүлэлт, цаашид тэлэх хэрэгцээтэй суурьшлын бүс зэрэг асуудлуудыг хэлэлцэв.Асуудлын хүрээнд ажлын төлөвлөгөөг зардлын тооцооны хамт боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргуулж ажиллахаар тогтсон. Түүнчлэн БОАЖЯ-ны холбогдох газруудыг оролцуулан ажлын хэсэг байгуулж, цаашид үе шаттай зохион байгуулахаар боллоо.Ханх сумын төлөвлөлтийн хүрээнд үүссэн энэ асуудлууд нь зөвхөн нэг сумынх бус Хөвсгөл нуурыг бохирдуулж байгаа нуурын эрэг дагуух суурьшлын бүсүүд болон орчны бүсийн 5-н сумын хэмжээнд авч хэлэлцэх нэн шаардлагатай асуудал гэж үзэв.

Уулзалтад тус ажлын төслийн нэгж болон зөвлөх үйлчилгээний байгууллагын төлөөлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Ойн бодлого, зохицуулалтын газар, Усны бодлого зохицуулалтын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Хөвсгөл нуурын Эг голын сав газрын захиргаа зэрэг холбогдох албаныхан цахимаар болон биечлэн оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version