Ханьдаа итгэж, хайраа хөглө: Ажил амьдралын он жилүүдийн уртад танилцсан нэгэн залуутай саяхан таарлаа. Хамтдаа ажиллаж, хийж бүтээж явсан он жилүүдийн талаар эргэн дурсаж, амьдралынхаа болон гэр бүлийнхээ талаар ярилцаж хэсэг хуучлав. Тэр маань “Миний найз хааяа залгаж байхгүй юу. Ярьж хөөрж, хууч хөөрье” гэснээ “За за дэмий байхаа даа. Найзыгаа асуудалд оруулчихна. Найз нь болно гэвэл өөрөө чамруу залгаж байя. Миний хань жаахан ааштай юмаа. Миний банкны картыг авчихсан. Данс шалгана, утас шалгана…” гэлээ. “Яагаад чи тэгтлээ итгэлийг нь алдчихсан юм уу. Хувь хүний эрхэнд хэтэрхий халддаг юм байна шүү дээ” гэвэл “Үгүй ээ. Зүгээр л тэгээд байдаг юм. Миний 4 сайхан хүүхдийг төрүүлсэн хань минь болохоор яалтай билээ. Уг нь уул уурхайн компанид ахиухан цалинтай ажилд ормоор байх юм. Тэгтэл явуулахгүй л гэнэ. Гэхдээ надад итгэх л хэрэгтэй л дээ. За, найз нь хүүхдээ сургуулиас нь авахаар явж байна” гээд уртаар санаа алдан зам салж билээ.
Эхнэр гэдэг гэрийн үйлчлэгч биш: Миний эхнэр зөвхөн надад л үйлчилж, миний хүслээр л амьдрах ёстой. Тэр гэртээ сууж, үр хүүхдээ харж, хоол ундыг минь хийж, гэр цэвэрлэж байх ёстой. Ер нь тэрэнд өөр юу хэрэгтэй юм. Би дулаан гэрт, халуун хоол, өмсөх хувцасыг нь авч өгч байна. Тэрэнд өөр хийж чадах юм байхгүй ээ. Зүгээр л гэртээ байж, ар гэрээ аваад явж байхад л болно. Хүүхнүүд ер нь юу чадах вэ дээ. Миний хүсэл таалагдахгүй болно явж болно шд. Халхын хүүхнүүд хаданд гарч, модонд авирсан биш. Тэгээд ч тэр хаа холдох вэ. Аав ээж нь тэрнийг хөөгөөд л явуулна. Би тэдний өр зээлийг нь дарж өгч, овоохойдоо сэтгэл амар амьдрах боломжтой болгосон. Эхнэрийнхээ ар гэрт тусалдаг над шиг хүргэнтэй болсондоо баярлаж явбал таарна гэж сайрхахыг сонсох тэр мэдрэмж.
Хүүхэд гэрийн тэжээвэр амьтан биш: Би өөрөө том болсон хүүтэй. Хүү минь тусдаа амьдарч надад дараа болдоггүй. Аяга цайгаа хувааж уудаг хүнтэй болох гэж л тэр эмэгтэйтэй гэр бүл болсон. Бид дундаасаа нэг хүүтэй. Тэрний дагуулж ирсэн нэг охин бий. Тэр охинтойгоо хамт ирэхэд нь би өөрийн хүүхэд шиг л харж ханддаг байсан. Эхтэйгээ хамт амьдарч, хичээл номондоо явж, идэх хоол, амьдрах газартай болголоо. Тэр өсвөр насны охин болсон гээд сар бүр ариун цэврийн хэрэглэл авахуулж мөнгө гарзадна. Надад тэрэнд илүүчлэх юм алга. Уйлахаас нь айх юм уу. Өөр юу хүсээд байдаг юм. Харин ч өвлийн хүйтэнд хөөгөөд гаргаагүй өдий зэрэгтэй байлгаж байгаад нь баярлавал таарна гэх хэгжүүн яриатай хойд эцэг.
Эр хүн – Хүслийг биелүүлэгч шидтэн биш: Олон жилийн өмнөөс таньдаг багын найзтайгаа санамсаргүй таарав. Гэр бүл, үр хүүхэд, ажил амьдрал аятай сайхан уу гэж асуухад “Найз нь ээжийндээ амьдарч байгаа” гэж гунигтайхан хариуллаа. Тэднийх манайх хоёр хөршүүд. Аав ээжүүд минь биднийг суулгана гэж хүртэл ярьдаг байв. Гэвч бид өөр өөрийн замаар амьдралд хөл тавьж, тэр маань эхнэртэй болсон. Хүү охинтой болсон, гадаад явж ажиллаж амьдарч байгаад ирсэн гэж ээжээс нэг сонсож билээ. Багын найз минь сайн сайхан яваа гэж бодож байтал огт санаандгүй мэдээ сонссон би тэсэлгүй “Юу болов” гэж асуутал “Найз нь Монголдоо нэгэн томоохон компанид боломжийн цалинтай ажиллаж байтал эхнэр маань Японд сурна гээд явлаа. Тэнд очоод намайг ирж илүү өндөр цалинтай ажил хийж, том байрны мөн хий гэлээ. Очоод өндөр цалин өгнө гэсэн газарт нь өдөр шөнөгүй шахам хамаг л хар бол ажлыг хийж мөнгө хуримтуулж, байрны урьдчилгаатай болгоод эхнэрийг буцаасан. Би тэндээ хэдэн жил ажиллаж байгаад ирлээ. Ирээд 1 жил гаран хамт амьдараад л төрхөмдөө буцлаа даа. Чамтай одоо хамт амьдрахгүй. Авах юм аа авсан. Одоо чи хэрэггүй. Хүүхдүүд ч том боллоо гэсэн. Тэгээд л ээж минь хүүгээ ямар хөөх биш. Хамт амьдарч л байна. Хүүхдүүд яахав хожим аавыгаа ойлгох байх. Одоохондоо ухаан суух болоогүй. Ээж нь л буруу зөрүү ойлгуулдаг бололтой. Эрчүүд бид чинь гомдож туньлаа гээд уйлж унжаад явах биш. Намайг гэх сэтгэл нь алга болчихсон хүнд ад болж явахаар ээждээ эрхэм хүндтэй үр нь болж явья гээд л хичээж байна” хэмээн өгүүлэх найзын минь гуниглал.
Хайртай хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөр: Олон жилийн өмнөөс түүнийг би мэддэг юм. Ухаан орохдоо түүний халамж хайрыг мэдэрч, үг үйлдэлийг харж бахархал бахдалаар дүүрэн өссөн. Тэр маань дуулж бүжиглэж, тулааны урлагаар хичээллэж, гүйлтийн уралдаанд оролцож, жудо бөхийн ирээдүйтэй тамирчин гэгдэн мэдэхгүй чадахгүй зүйл үгүй мэт. Том болоод яг л түүн шиг эрч хүчтэй, хүссэн бүхнээ хийдэг хүн болно гэж хичээсэн ч гүйхээс бусдыг нь хийж хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Надаас олон насаар эгч тэр минь гэр бүл болж, амьдрал зохиолоо. Үеийн залуусын хайрыг татдаг байсан түүнтэй үерхэх хүсэлтэй олны дундаас тэр өөрт нь хамгийн их хайраа зориулна гэсэн нэгнийг амьдралын ханиар сонгосон байх. Хайр дүүрэн гэр бүл, хөөрхөн хүүтэй болж, тэр маань нүд нь гэрэлтэй, хайр дүүрэн он жилүүдийг угтаж, үднэ. Гэвч он цаг өнгөрсөөр би өсөж том болоход тэр маань ажил хийдэггүй гэртээ суудаг, багад минь бахархал дүүрэн үлгэр дууриал болсон гайхалтай чадваруудаа гээж, нүдэндээ гунигтай, нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь багасч, гэрээс ч барагтай гардаггүй нэгэн болсон байлаа. Яагаад. Хэтэрхий их хайртай ханийнхаа халамж нэртэй хардалтын хүлээсэнд баглуулсаар тэр минь нэг л мэдэхэд өөрийн хүсэл мөрөөдөл итгэл найдвараа гээж, спортоо орхиж, өндөр өсгийтөө тайлж, хөөрхөн уруулаа ч будахыг мартсан байх юм. Хайртай ханийх нь “Хэнд гоё харагдах гээ вэ?. Уруулаа будаад яах гэсэн юм. Юбканы чинь хормой ямар богино юм бэ. Өндөр өсгийтэй гутал өмсөж яах гэсэн юм. Ажил чинь тарсан уу. Би гадаа нь хүлээж байна. Ажлын чинь тэр залуу чамтай юу гэж ярьсан. Чи яасан оройтож ирдэг юм” гэх зэргээр хайрлаж, халамжилж байгаа мэт хараа хяналтын дор явсаар. Тэр минь өөрийнхөө эрхийг зөрчүүлж байгаагаа үл анзаарч “Миний л төлөө санаа зовниж байна. Аргагүй би л ойлгохгүй бол болохгүй. Нээрээ ч энгийн даруухан хувцаслая. За яршиг уурлуулаад яах вэ” гэж зөөлчилж бодож явсаар нэг л мэдэхэд өөртөө итгэлгүй, алтан тортой шувуу адил эрх чөлөөгүй, гадаа гараад уулзах найз ч үгүй нэгэн болгосон гэлтэй. Хааяахан түүнтэй таарахдаа “Та гарч ажил хийе. Би гармаар байна гэж хэлж болохгүй юу” гэж асуухад “Одоо нас 50 гарчихлаа. Ажил хийе гэхээр тэтгэврийн насны намайг хэн тоох билээ. Саллаа гээд хаачих билээ. Одоо тэгээд ч уурлах, бухимдах хүч алга ядарч байна. Зүгээр л энэ байгаадаа талархаад цаг нь болохоор явах байлгүй. Заримдаа ч хаашаа ч хамаагүй явчихмаар санагддаг. Хүүхдүүд минь том болчихсон болохоор учраа олоод амьдрах байх” гэсэн хүчгүйхэн үгс.
Хайртай бол уучилж сур: Ажлын шугамаар хоймор нутгийгзорьсон нэгэн удаагийн аяны урт замд 30 гаран насны 4 залуу хамт явж таарсан юм. Тэд урт холын замд ганц шил хатуу юм задлан, хууч хөөрөн нийлэн ярьж явав. Тэгтэл “Ханьдаа үнэхээр гомдож байна. Би эр хүн, өрхийн тэргүүн, би гурван хүүгийнхээ өмнө хариуцлага хүлээсэн аав. Найзуудтайгаа сайхан хөлбөмбөгийн тоглолт үзээд ганц оройг өөртөө зориулах эрх байхгүй бололтой. Хэтэртлээ ууж согтоогүй, элдэв асуудал гаргаагүй, найзуудаараа хүргүүлээд очиж байхад, тэдний дэргэд намайг ямар муухайгаар хэлсэн гээч. Тэгээд яахав жаахан омог хөдлөөд гараад ирсэн. Эхнэр гэхдээ юм л бол уурлана. Уурлахаараа аав ээждээ очлоо гээд л яваад өгдөг. Би чинь ээж аавыгаа эрт алдсан болохоор очих газар байхгүй тэгсгээд л дотроо сэтгэл эмзэглээд л өнгөрдөг. Энэ удаад найзууд минь Хөвсгөл далай орьё гэсэн. Нутгийн минь салхи ээж аавтайгаа уулзсан мэт зөөлөн илбээд угтах болов уу гээд л дүү нь явж байна. Хөвсгөл далайдаа нэг залбирч, хөх усанд нь хөлөө дүрж, хүү нь ирлээ гэж гэрийнхээ буйранд хөрвөөчихөөд харина даа. Хэдэн хүүхэд минь аавыгаа үгүйлж байгаа. Эхнэр яахав аашлах л байх. Тэглээ гээд яахав миний гэсэн бүхэн минь тэд маань. Энэ хэдэн найз минь. Амьдрал сайхан даа” гэж хэлэх залуугийн нулимстай нүд.
Бидний амьдралын өдөр хоногууд урсан өнгөрч, он жилийн уртад түүх болон үлдэнэ. Гэвч тэр түүхийн дунд хайртай хүнээ ойлгож, байгаагаар нь хайрлаж, хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэж, хийж бүтээх боломжийг нь бүрдүүлж өгдөг нь хэд байгаа бол. Дээрх жишээнүүд ч бидний амьдралд байдаг, сонсож байсан түүхүүдийн нэгээхэн хэсэг нь. Бид хүүхэд байхдаа хүсэл мөрөөдөл дүүрэн, бодолдоо жаргаж, бушуухан том болох өдөр минь хэзээ бол гэж догдлон байдаг.
Өөрийнхөө амьдралын энэ үнэ цэнэтэй цаг хугацааг тантай өнгөрүүлэх хүн дэргэд тань байгаа бол та азтэй нэгэн. Өөрт байгаа бүхнийгээ зориулж, амьдралыг тань чимж, үр хүүхэдтэй, хань ижилтэй нэгэн болгож, бүхий л хүч чадлаа зориулан ажиллаж хөдөлмөрлөж, буруу зөрүү хэлсэн үг үйлдлийг чинь сонсоогүй мэт өнгөрүүлж чаддагынхаа төлөө тэд хайрлуулах эрхтэй. Хүүхэд байлаа гээд хүсэл мөрөөдөлгүй, хэрэгцээ шаардлагагүй гэсэн үг биш. Тэд хамгаалуулах, хайрлуулах, нас биедээ тохирсон хэрэгцээ шаардлагуудаараа хангуулах эрхтэй. Хамгийн гол нь хувь хүний орон зай, дотоод мөн чанарт нь хэт их халдаж, үгүйсгэж, үл тоож нүднийх нь галыг бүү унтраагаарай. Таны үл хүндлэл, хайхрамжгүй хэлсэн хатуу үгс зүрхэнд нь үлдэж, өөртөө итгэлгүй, сул дорой, хүч дорой хүмүүсийг бий болгодог.
Түүнийгээ мэддэг хүмүүс нэг бол хүлээн зөвшөөрч эрхээ зөрчүүлдэг эсвэл эрхээ эдлэнэ гээд буруу үйлдэл хийж, хохирогч эсвэл хохироогч болсон байдаг. Жендэр гэдэг нь хүмүүсийг хүйсээр ялгаварлахгүй байх, хүн бүхэн тэгш эрхтэй байх гэсэн ойлголт юм. Монголд эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийн эрхийг хамгаалах ойлголтыг дэлгэрүүлэх, хэвшмэл ойлголтыг халах ёстой. Хүчирхийлэл гэж зөвхөн бие махбодод учирсан хохирол биш. Оюун санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл ч хамаатай. Хүн бүр охиноо, хүүгээ хайр дүүрэн өсгөхөөс гадна амьдралын зөв бурууг хэлж ярьж, ойлгуулж, бусдыг өөр шигэээ санадаг, ухаантай, уужуу сэтгэлтэй хайр дүүрэн өсгөхөд анхаараарай.
Та өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж, ил гарган ярилцаж, алдаа оноогоо дэнсэлж, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх ухаанд суралцаарай. Аав нь, ээж нь, хүүхэд нь байх хамаагүй. Бид бүгд л алдаж онох эрхтэй. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэдээж өнөөдөр миний эрх чөлөө таны эргэн тойрны хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг. Гэхдээ хувь хүний дотоод мөн чанар, хувийн орон зай, хүсэл мөрөөдлийг нь үгүйсгэх учиргүй юм шүү. Зүрх сэтгэлд нь үрчлээ сууж, нүднийх нь гал унтарчихна. Аливаа хүчирхийллийг өөгшүүлэх нь хүчирхийлэгчийг хүчирхэгжүүлж байдаг. Хохирогч хэн байх нь чухал биш хэн ч хохирогч болж болно.
Хайрлаж байна гээд худалдаж авсан бараа мэт өмчлөх учиргүй. Хайр бол хүндлэл. Хайр бол эрх чөлөө…
Эрчүүд ингэж ярьдаг шигээ байдаг бол болж л байна. Хүчирхийллийн золиосууд бол хүүхдүүд ба эмэгтэйчүүд байдаг Монгол улсад эрчүүд нь давруун ба хэт их зантай байдаг юм. Эрчүүд их зангаа… Цааш унших
,хайран ч он жилүүд минь