Эдийн засагFocus

Банкны ажилтанд тавигдах шаардлагыг жишиг стандартад нийцүүлнэ

2020 оны 12 дугаар сард Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Монгол Улсын банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагыг бий болгож, арилжааны банкуудаар мөрдүүлэх зорилготой хөтөлбөрийг эхлүүлсэн.

Уг хөтөлбөрийг боловсруулахдаа манай улсын банкны салбарын онцлогт нийцүүлсэн бөгөөд банкны шинэ ажилтны суурь шаардлагыг хангуулах стандартыг бий болгосон юм.

Ийнхүү Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар уг стандарт хөтөлбөрийг “жишиг” стандарт болгон баталж, цаашид нийт арилжааны банкууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод бодлого, үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Монголбанкнаас уг жишгийг дараах 3 баримт бичгийн хүрээнд баталсан.

  • Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах банкны ажилтны суурь шаардлагын жишиг
  • Банкны ажилтны суурь шаардлагын жишгийг хангуулах шинэ банкирын сургалтын хөтөлбөр
  • Шинэ банкирын онол, практик хосолсон болон мэргэшсэн банкирын сургалтын жишиг журам

Төслийн эхний шатны хүрээнд боловсруулсан эдгээр баримт бичгийг арилжааны банкууд өөрсдийн үйл ажиллагаандаа мөрдөж, сайн дураар хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Банкны ажилтанд өндөр хариуцлага, ёс зүй, эерэг хандлагатай байх шаардлага тавигддаг. Өнгөрсөн хугацаанд банкууд өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод сургалтын хүрээнд шинэ ажилтнуудаа сургаж бэлтгэсээр ирсэн. Харин уг төслийн хүрээнд банкны салбар нэгдсэн байдлаар ажилтнууддаа тавих суурь шаардлагын жишиг стандарттай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банканд ажилд орж буй шинэ ажилтан нь боловсролын зэргээс үл хамааран, ажиллах хугацаандаа 9 сарын турш онол-практик хосолсон сургалтад хамрагдаж, батламж авдаг болно. Энэхүү батламж нь тухайн ажилтны хувьд ирээдүйд өөр банканд шилжин орсон ч хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн сертификат, баримт болох юм.

Шинэ банкирын жишиг суурь шаардлагыг хангуулах онол-практик хосолсон сургалтыг ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн ноу-хауд тулгуурлан, Банк санхүүгийн академиас шат дараатайгаар ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ.

Дээрх суурь шаардлага, үүнийг хангуулах жишиг журам нь одоогоор сайн дураар хэрэгжүүлэх хэлбэртэй байгаа ч ирэх жилүүдэд холбогдох хууль тогтоомж нь батлагдвал заавал мөрдөх шинжтэй зохицуулалтын журам болж шинэчлэгдэн батлагдах боломжтой юм.

Банкуудын хувьд энэ нь шинээр орж буй ажилтныхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөрөнгө оруулалт болж буйгаас гадна эцсийн дүнд харилцагч, иргэдийг санхүүгийн аливаа эрсдэлээс хамгаалах, санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн түвшинд хүргэж үйлчлэхэд томоохон түлхэц болно.

МОНГОЛБАНК, МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО, ХБНГУ-ЫН ШПАРКАССЭ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ САН, БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version