ЕрөнхийлөгчОнцлох

У.Хүрэлсүх: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум Төрийн ордонд эхэллээ. Форумыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, хүндэт зочид оо!

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд аа, олон улсын байгууллагын төлөөлөгчид өө!

Монгол үндэстний оршин тогтнох үндэс болсон түүх, соёлоо хамгаалан хөгжүүлж, монголчуудынхаа оюун санааны дархлааг бэхжүүлж байдаг соёлын салбарын Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Даяаршлын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монгол хүн бүр соёлын өвөрмөц байдлаа алдахгүй байх нь чухал. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар хэл, түүх, соёл зэрэг үндэсний үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх олон талын ач холбогдолтой Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан юм.

Бид 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Дахиж хэзээ ч Соёлын яам аль нэг яамны хавсарга битгий байгаасай гэж хүсэж байна. Соёл бол бодлоготой, бие даасан яамтай байх ёстой. Энэ бол соёлдоо хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл.Соёлын яам байгуулагдаад удаагүй ч эрх зүйн шинэтгэлийг өрнүүлж, их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилтан, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Соёлын бүтээлч сарын хүрээнд соёл, урлагийн салбарын олон асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг, соёл, урлаг, соён гэгээрлийн олон арга хэмжээ зохион байгуулсан нь цаашид Соёлын талаар баримтлах төрийн бодлогыг бусад бодлогын бичиг баримттай уялдуулан цогцоор нь хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлэх болно.

Тухайлбал, Үндэсний хөгжлийн бодлогод хүний хөгжил, соёлын хөгжлийн асуудал чухал хүчин зүйл болон орж ирж байгаад Төрийн тэргүүний хувьд талархаж байна. Учир нь хөгжлийг хүнгүйгээр, хүнийг соёлгүйгээр төсөөлөх боломжгүй юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн жил” болгон зарласантай холбогдуулан дэлхий нийтээрээ бүтээлч хандлага руу чиглэж байгаа билээ.

ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний “соёл”, “хөгжил” хоёрын харилцаа, хамаарлыг тодорхойлохыг зорьж, соёлыг хөгжлийн бодлогын чухал хэсэг болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна.Дэлхий нийтийн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн чиг хандлага техник технологийн хөгжил, хүний хөгжлийн хүчин зүйл хоёрыг хослуулсан эдийн засагт шилжих, мэдлэгийн менежментийг нэвтрүүлэхэд оршиж байна.

Соёлын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлт болон ажлын байр нэмэгдүүлж байгаа үзүүлэлтээрээ жил ирэх тутам тогтмол өсөж байгаа нь соёлын салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байна.

Улс орнууд орчин үеийн техник технологи, инновацад тулгуурлан үндэстнийхээ өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нийлүүлэн соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд оруулах бодит үр өгөөжийг нэмэгдүүлж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэхээр тусгасан.Манай улс байгалийн өвөрмөц дүр төрх, баялаг өв соёлын онцлогоо шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь монгол соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах өргөн боломжийг нээж өгч байна.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум дэвшилтэт технологи, инновацад суурилсан үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортлох чухал алхам болно гэж найдаж байна.

Монгол соёлын дархлаатай дэлхийн монгол хүн, Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын төлөө хүчээ нэгтгэн хамтдаа зүтгэе! Монголын баялаг – Монгол соёл үүрд мандан бадрах болтугай!

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version