Засгийн газарГадаад харилцааОнцлох

Бүс нутгийн Ерөнхий сайд нар цахим хуралд оролцлоо

2021 оны арваннэгдүгээр сарын 25-нд  Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Бүгд Найрамдах Казахстан Улс цахим хэлбэрээр зохион байгуулав. Хуралдаанд тус байгууллагын гишүүн орнууд болох Казахстан, БНХАУ, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын Ерөнхий сайд нар, Энэтхэг, Пакистан улсын Гадаад хэргийн сайд нар мөн Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга тус тус оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар талууд ШХАБ-ын гишүүн орнуудын олон талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, гишүүн орнуудын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэтийн төлөв, арга хэмжээний талаар санал солилцов. Түүнчлэн Ажил хэргийн зөвлөл болон Банк хоорондын холбооны 2020-2021 оны үйл ажиллагааг дүгнэж, ШХАБ-ын 2022 оны төсвийн талаар хэлэлцэв.

ШХАБ-ын ажиглагчийн статустай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд цахимаар үг хэлэв. Тэрээр Монгол Улс говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулах чиглэлээр бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллах, энэ чиглэлээрх холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан эдийн засгийн өндөр үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулах, эдгээр төслүүдэд тулгуурласан хөдөө аж ахуй, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийг ШХАБ-ын гишүүн, ажиглагч улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын дүнгээр 2022 онд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдааныг БНХАУ даргалахаар тогтов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version