Уул уурхайFocus

Ж.Ганчимэг: Уурхайчид ковидын эсрэг нэгдэхийг бүжгээр уриаллаа

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг энэ долоо хоногт “Эрдэнэт” сувиллын цогцолбор өөрийн онцлог үйл ажиллагаагаар баяжуулан үргэлжлүүлнэ. Тус цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгтэй аяны хүрээнд зохион байгуулах ажлынх нь талаар ярилцлаа.   

-Эрдэнэт үйлдвэр шинэ долоо хоногийг онцлог, содон үйл явдал, үзүүлбэрээр эхлүүлдэг болсоор 20 гаруй хонож байна. Өнөөдөр танай хамт олны зохион байгуулсан өглөөлөг мөн сэтгэл сэргээлээ. Ер нь аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ? 

-Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн бүх нэгжийн ажилтнууд “Зөв дадал-Зөв үйлдэл нь дархлаажуулалтын 4-р тун юм” гэсэн агуулгын хүрээнд дэлхий нийтэд дэлгэрсэн бүжгээр ажлын байрнаасаа бие биедээ лайваар мэндчилгээ дэвшүүлснээр шинэ долоо хоног эхэллээ. Бид сахилга хариуцлагын вакцинжуулалт буюу “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд “Зөв үйлдэл-Зөв дадал” уриан дор мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулна.

Халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал. Хүн бүрийн дадал болсон зуршлыг зөв хэвшүүлэхэд анхаарч ажиллана. Ковидын тархалтын болон ханиад томууны ид дэгдэлтийн үед хүн бүр амны хаалт хэрэглэж хэвшсэн байна. Одоо бид зөв хэрэглүүлэхийн тулд “Амны хаалт-Таны 4-р тун юм” гэсэн удирдамжийн дагуу сургалт, мэдээллийг ажилчдын оролцоотой зохион байгуулна. Хоёрдугаарт, гар ариун байх нь 4-р тун юм. Үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажлын байрууд дээр дадлага давамгайлсан сургалтууд явуулна.

Ингэхдээ цех, нэгж болгон дээр байгаа олон нийтийн байгууллагын төлөөлөл болох Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчид, спорт, соёл, урлагийн арга зүйчид, эмч, сувилагч нарынхаа тусламжтай, ажилчдынхаа оролцоог хангах хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулах нь манай онцлог юм.    

-Өөрөөр хэлбэл өвчин, халдвараас урьдчилан сэргийлэх нь 4-р тун юм байна гэж ойлголоо. Бид эрүүл мэндийнхээ төлөө ямар хариуцлага хүлээх ёстой вэ?  

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хамгийн чухал. Хаана ч явсан гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Хэрэв гар угаах боломжгүй бол гар ариутгагчийг биедээ тогтмол авч явж, ямар нэгэн үйлдэл хийснийхээ дараа тогтмол хэрэглэж хэвших нь зүйтэй.

Ингэж гэмээнэ бид вакцинжуулалтын үр нөлөөг хадгална. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаантай, эрсдэл өндөртэй, зорилтот бүлгийн 700 гаруй ажилчин дархлаажуулалтын 3-р тунд хамрагдаагүй байгаа.

Тэдэнтэй биечлэн болон алсын зайн цахим уулзалт хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Ер нь дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдах нь дараа дараагийн олон эрсдэлээс сэргийлэх учраас зөв сонголт хийхэд нь туслах үүднээс энэ талын ойлголт, мэдээллийг хүргэхийг зорьж байна.

Бусдын эрүүл мэндийг хамгаалахад хувь хүний оролцоо, хариуцлага маш чухал шүү дээ. “Дархлаа ба хариуцлага” сэдвийн хүрээнд нэлээд ажил төлөвлөсөн байгаа. Хүмүүс хариуцлага гэхээр ихэнхдээ ажилтай л холбон ойлгодог. Тэгвэл та эрүүл мэндийнхээ төлөө ямар хариуцлага хүлээж байна.

Энэ хүрээнд бид үргэлж санаж явах аюулгүйн 5 алхам хэрэгжүүлнэ. Зураглал бүрийг уриалга болгосон. Хувь хүнээс эхлээд гэр бүлийн хүрээнд, хамт олны хүрээнд, үйлдвэрийн хэмжээнд эдгээр 5 алхмыг дэмжиж хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. 

-Тодруулбал..? 

-Эрүүл хоол хүнс хэрэглэ, идэвхтэй хөдөлгөөн хий, дархлаагаа хамгаал, сэргээ, эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхий гэх мэт эрүүл байх 5 алхмыг уурхайчдадаа зөвлөж байна. Аюулгүй сонголтууд хийхэд туслах дүрс бичлэг бүхий зөвлөмжүүдийг байршуулна.

-Долоо хоног бүр ажилчдын дунд онцлог чалленж өрнөж байгаа. “Эрдэнэт” сувиллын цогцолборын санаачилга юу байх вэ? 

-Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, татгалзах ёстой зуршил, мөн дэмжиж хөгжүүлэх ёстой үйлдэл гэсэн сэдвээр чалленж эхлүүлэхээр бэлтгэсэн. Жишээ нь өөх тостой хоол, гар утасны хамаарал, сөрөг мэдээлэлд дурлах, хэт автах, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг нь татгалзах ёстой зуршил байж болно.

Тэгвэл амар амгалан байдлыг эрхэмлэх, бусдыг хүндэтгэх, өөрийгөө тайвшруулах, эрт босох, ажилдаа өөрийгөө зөв бэлдэх, дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайгаа тогтмол уух, бусдад урам өгөх зэрэг нь дэмжиж хөгжүүлэх ёстой үйлдэл.

Ер нь “Дархлаажуулалтын 4-р тун” аян бол эерэг хандлага, харилцааг бий болгох, хайр түгээх, бие биедээ урам дэм өгөх, инээмсэглэл бэлэглэх, түүгээрээ уурхайчдынхаа дархлааг дэмжих зорилготой юм. Манайхаас зарласан чалленжид хамт олноороо, тасаг нэгжээрээ, найз нөхдөөрөө, секц дугуйлангаараа нэгдэн оролцож болно. Та бүхэндээ амжилт хүсье. 

-Баярлалаа.  

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version