Уул уурхайFocus

IV дүгээр тун “Инээмсэглэе” уриатай үргэлжилж байна

Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд дархлаа сэргээж, хамгаалах зорилгоор өрнөж буй дархлаажуулалтын 4-р аян “Инээмсэглэе” уриан дор үргэлжилж байна. Аяныг энэ долоо хоногт Эрдэнэт сувиллын цогцолбороос зохион байгуулж, үргэлжлүүлнэ.

“Инээмсэглэлээр угтацгаая” уриатай зөв дадал, зөв үйлдэл хэвшүүлэх энэ удаагийн аяны нээлт шинэ долоо хоногийн өглөө үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1,2-р байр болон нийт 6 цэгт дуу хуур, хүүхдийн инээд  хөөр дүүрэн эхэллээ.

Хүн бүхэн бие биендээ хайр инээмсэглэл бэлэглэх нь ажил, амьдралын эрч хүч, амжилтын эх үндэс болдог. Нэг удаа чанга инээхэд 10 минут алхсантай, 10 секунд инээх нь 3-5 минутын дасгал хийсэнтэй тэнцэж, тэр хэрээр эрч хүч авдаг гэсэн мэргэжилтнүүдийн судалгаа бий.

Түүнчлэн инээд хөөрөөр бялхсан хүмүүс 7-10 жилээр урт насалдаг болох нь батлагдсан. Тиймээс аяны сэдвээ “Инээмсэглэе” уриатай сонгосон гэж Эрдэнэт цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг онцлов. 

Аяны хүрээнд цуврал сургалтууд болно. Зөв дадал, зөв үйлдлийг сурталчлах, хүүхэлдэйн киноны баатруудтай өглөө бүр мэндэлж, баяцхан хүүхдүүд болон амьдтын инээмсэглэж буй төрх бүхий гэрэл зургийн үзэсгэлэн үзэх, инээд баясал дүүрэн орчинд аялах зэрэг олон үйл ажиллагаа энэ долоо хоногт зохион байгуулагдах юм байна.

Долоо хоногийн турш хамт байж, үйлдвэрийн цех нэгжүүд болон олон нийтийн байгууллагууд эл аянд нэгдэж, идэвх санаачилгатай оролцохыг Эрдэнэт сувиллын цогцолбороос уриаллаа. Мөн аяны хүрээнд болох “Нэг өдөр-нэг дадал” хөтөлбөрт ажилтан бүр оролцож, харилцаа хандлага, хамт олон түүнчлэн гэр бүлдээ инээмсэглэл бэлэглэн дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

М.Балжинням
Фото Б.Ялалт

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version