НийтлэлОнцлох

Өөр “ертөнц”

Энэ эрийг мэдэхгүй хүн Эрдэнэтэд байхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Гэхдээ тэр дарга биш, дуучин биш, нам дагасан, хий ярьсан “цүнх баригч” бүүр биш. Эрдэнэт үйлдвэрийн эгэл ажилтан. Өөрөөр хэлбэл Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Энхтайваны Пүрэвсүрэн.

Тэр үндсэн ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, өвөрмөц өнгө төрх, өөр “ертөнц”-өөрөө ялгарч, мэдрэмж, чадвараараа онцгойрч яваа нэгэн. Арван жилийн өмнө өөрийн гараар бартаат замын машин бүтээсэн гагнуурчин залуутай ярилцлага хийж, сонинд нийтэлсэн нь тухайн үедээ уншигчдын сонирхлыг ихэд татаж байлаа.

Тэр үед л өөр “өнгө”, өөр бодол, сэтгэхүй байсан. Аваарт ороод хэвтэж байгаа хүн амьд үлдвэл биеэ аль болох энхрийлж, гэр бүлээрээ урт удаан, сайн сайхан амьдрах тухай бодмоор…

Гэтэл Э.Пүрэвсүрэн “Үхэл ойрхон юм байна. Энэ богино амьдралд мөрөөдлөө биелүүлж амжъя. Амьд үлдвэл багадаа үздэг байсан “Нисдэг Честмир” киноны харь гарагийн нөхдүүдийн машин шиг туулах чадвар сайтай унаа бүтээж, бартаат замын аялалд гаръя” хэмээн зорьж боссон байдаг юм.

Тэр хийсэн, чадсан. Тухайн үеийн ханшаар 13 сая төгрөгөөр мөрөөдлийн машинаа босгоод Улаанбаатар, Налайх, Хөвсгөл рүү хэдэнтээ аялж, монгол залуугийн ур ухаан, мэргэжлийн чадварыг түмэнд гайхуулсан юм. Тэгж их хөдөлмөр зарцуулсан, хүн зоны хараа булаасан төмөр хүлгээ мөрөөдөл биелж, сэтгэл ханах үед сонирхсон хүнд зүгээр шахуу өгөөд явуулчихсан шуналгүй бас гудиггүй эр.

Сүүлд Эрдэнэтдээ машины урд, хойд төмөр хамгаалалтын брэнд бий болгохоор зорьсон зүтгэл нь түүнийг аялагчид, автомашин сонирхогчдын дунд алдартай, эрэлттэй хүн болгосон. Нүднээс далд хэсгийг ч зүлгэн өрөмдөж, нямбай цэмцгэр хийдэг болохоор түүний гараар бүтсэн тоноглол үйлдвэрийнхээс ялгарахгүй. Увс, Дорнод, Дундговь, Хөвсгөлд гээд монгол орны хаана ч PUSU HD гэсэн бичиг бүхий купертэй машин явж харагдвал Э.Пүрэвсүрэнгийнх гэсэн үг. 

Гагнуурчнаас гадна зураач, гэрэл зурагчин, машин тоноглооч, үйлдвэрлэгч, сурган хүмүүжүүлэгч, цэцэрлэгч… гээд энэ олон нэр бүгд мань эрд тохирно. Бүр загвар зохион бүтээгч, модель ч гэж хэлж болно.

Хүүхэд байхын сонирхож байсан таталбар зургаасаа хүний дотоод сэтгэлийг илүү тод харуулдаг хөрөг зураг руу хөгжиж, нарийн мэдрэмж, гарын ур шаардсан хөргөөсөө гэрэл зураг руу шилжсэн “урвагч”. Тэр үргэлж хөгжиж, өөрийн дотоод “ертөнц“-дөө амьдарч, шинээр ургаж бас хагдарч яваа нэгэн. Э.Пүрэвсүрэнгийн гэрэл зургийн урын санд 600 гаруй бүтээл бий.

Дийлэнх нь харц, донжоороо ихийг өгүүлсэн хөргүүд. Тэрээр “Хөрөг зураг авахад хамгийн амархан гурван төрлийн хүн байдаг. Согтуу хүн, хүүхэд, мэргэжлийн жүжигчин. Согтуу хүн өөрийнхөөрөө байдаг, хүүхэд баг зүүдэггүй, мэргэжлийн жүжигчид хувирч чаддаг” гэж ярьсан юм. Тэрээр саяхан өөрийн цахим хуудаснаа “Урлаг нүцгэн гоо үзэсгэлэнгүйгээр оршихгүй” гэж нийтэлжээ.  

Мэргэжлийн гэрэл зурагчдын зориглон барьж аваагүй “Nude Photo” буюу нүцгэн зураг авалтыг Э.Пүрэвсүрэн Эрдэнэтдээ анх удаа эхлүүлсэнтэй хэн ч маргахгүй, хэдэрлэж шүүмжлэх аргагүй үнэн. Өөрийнхөө нүцгэн зургийг хүртэл олноо дэлгэсэн өөр “ертөнц”. “Nude Photo” авах нь маш их хугацаа шаардсан, нарийн ажиллагаа гэнэ. Моделио олно, танилцана, сар, жилээр харилцан ярилцана, зовлон жаргалыг нь мэдэрнэ, итгэлийг нь олно, даана гээд нөгөө талаараа сэтгэл зүйчийн үүрэг давхар гүйцэтгэнэ. Итгэл даана гэдэг их чухал… гэж ярих тэрээр ер бусын нууцлаг, хүчирхэг хүн мэт санагдсан.

26 жилийн тэртээ Эрдэнэт үйлдвэрийн босгоор 18 настай жаахан хүү алхан орж, Ерөнхий диспетчерийн туслахаас ажлын гараагаа эхэлж байсан бол эдүгээ Зууны манлай үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болтлоо өсөн хөгжжээ. Цахилгаан ба хийн гагнуурчинд онцгой ур чадвар шаардана.

Заримдаа өндөрт дүүжлэгдэн ажиллана, устай чийгтэй газарт эвтэй эвгүй байрлалаар гагнана. Эцэст нь гагнасан эд, тоног төхөөрөмж маань он удаан жил ашиглагдаж байгааг харах хамгийн сайхан гэж “аварга” ярьсан. Саяхан тэдний хэсэг шинэ тээрэм суурилуулжээ. Тэр нь зөвхөн нэг талдаа лүүктэй. Тээрэм ажиллаж эхлэхэд асуудал үүсэж. Тэд шалтгааныг тэнцвэр алдагдал гэж оношлон нөгөө талд нь ижил лүүк хийхээр зориг шулууджээ.

Өөрөөр хэлбэл эргэх механизмд 70 кг хэрийн жинтэй эд шинээр гагнаж хийнэ гэсэн үг. Зарим нь хамаагүй хүрч болохгүй, эрсдэлтэй гэж байсан ч тэр журмын нөхдийнхөө хамт чадсан. Гагнуурчин хүний мэргэжлийн ур чадвараар хамт олон нь бахархсан. Энэ зөвхөн нэг жишээ.

Э.Пүрэвсүрэн Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн шохойн агуулахын ханын хуяг тавих, шохой буулгах трамп замын угсрах, шохой нунтаглах тээрмүүдийг шинэчлэн суурилуулах, хуяглах, эргэлтийн болон техникийн усны шугам шинэчлэх, 100 м3  багтаамжтай “чанн”-ыг угсрах, технологийн уурын болон Нунтаглан баяжуулах хэсэг рүү урвалж өгөх шугамуудыг засварлах зэрэг ажилд хамт олноо манлайлсаар явна.

Түүнээс гадна бүтээмж, инновацын хөтөлбөрт идэвх санаачилгатай оролцож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сайн саналын системийн Манлайлагч, ТОП-100 ажилтны нэгээр сүүлийн гурван жил дараалан шалгарсан үзүүлэлт нь түүнийг хэр зэргийн чансаатай ажилтан болохыг харуулна. Тэрээр хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын байрны эмх цэгц сайжруулах, эдийн засгийн үр ашиг нэмэгдүүлэх ач холбогдолтой 40 гаруй сайн санал гарган хэрэгжүүлжээ.

Э.Пүрэвсүрэнд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болсон гэх мэдээлэл нь дэндүү гэнэтийн, санаанд оромгүй сонин сайхан шийдвэр байв. Тэрээр “Би тийм ч сайн ажилтан биш. Өгсөн үүрэг даалгаврыг л гүйцэтгэдэг хүн шүү дээ. Миний хувьд хүндэдсэн, ахадсан шагнал байна” гэж хэлсэн удаатай. Уул уурхайн хүнд үйлдвэрт, тэр дундаа “зүрх” нь болсон цехэд 26 жилийн уйгагүй хөдөлмөрөө зориулсан эгэл ажилтны сэтгэгдэл ийм даруу бас агуу.

Сүүлийн үед Э.Пүрэвсүрэн шинэ залуу ажилтнуудыг сургаж, дадлагажуулах, мэргэжлийн өндөр ур чадвараа өвлүүлэхэд санаа тавин ажиллаж байна. Аливааг нямбай, няхуур, чин сэтгэлээрээ хийдэг залуусаа хараад, хожмын өдөр гавьяаны амралтад гарахдаа огтхон ч санаа зовдоггүй гэнэ.  

Түүнийхээр шунал гэдэг чухалчилж үзэж буй зүйл. Сүүлийн үед “Өвөр мэргэнд” өөрийнх нь хэлснээр “муурын байшин”-тай болсноос хойш мод тарих шуналтай болжээ. Тэнд гаслах хожуул бүрийн тоогоор мод тарих хүсэлтэй.

“Бүтэн амьдралын хагас байснаас Дутуу амьдралын бүтэн нь байсан дээр…” гэх үзэл мөн л түүнийх. Амьдралын бэлэг, амь биеийнх нь хэлтэрхий хоёр үрдээ өөрийн үзэл бодлоо тулгах дургүй, өөр “ертөнц”, өөр өнгө төрхдөө үнэнч ийм нэг эд эс Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид дунд алхаж явна.  

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 ТАГ:

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version