“Унгар, Монголын Шинжлэх ухааны Академи хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Жил бүрийн 11 дүгээр сард шинжлэх ухааны ажилчдын өдөр болдог. Энэ өдрийг тохиолдуулан Унгарын Элчин сайдын яамнаас “Унгар, Монголын Шинжлэх ухааны Академи хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр /2021.11.09/ зохион байгууллаа. Монгол Улс Шинжлэх ухааны 14 хүрээлэнтэй, үүнээс Унгар улстай Түүх угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Хэл шинжлэлийн хүрээлэн, Биологийн хүрээлэнтэй албан ёсны хамтын ажиллагаатай явж иржээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд:
· ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар
· ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн
· ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн др М.Энхбаатар
· ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Khi-Land төсөл, др.Л.Эрдэнэболд
· ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, др.О.Самбуудорж
·ШУА-ийн Газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн Усны нөөц, Ус ашиглалтын салбарын дарга С.Чинзориг нар оролцож, хүрээлэн тус бүрийн хамтын ажиллагааны түүхийн талаар илтгэл тавьж, харилцааг цаашид илүү өргөн хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Унгар-Монгол хоёр улс 1950 оны 4 дүгээр сарын 28-нд Дипломат харилцаа тогтож, 1957 онд Улаанбаатар болон Будапешт хотуудад харилцан Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Ийнхүү манай хоёр орны хооронд албан ёсны харилцаа тогтсоноор харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран хөгжих үүд хаалга нээгдсэн юм.
Унгар-Монголын соёл, шинжлэх ухааны харилцаа 1953 оноос эхэлж, 1957 онд хамтын ажиллагааны анхны хэлэлцээр байгуулагдснаар хоёр улсын холбогдох талууд хамтарсан экспедици зохион байгуулах боломжтой болсон юм. Үүний нэг хэсэг болох угсаатны зүй, археологи, хэл шинжлэл, биологи, геологийн гэх мэт экспедицүүд 1960 оноос эхлэн зохион байгуулагдах болов.
Тухайлбал, 1957 онд Унгарын талаас монгол судлаач Хар Дорж (Кара Дьөрдь), Каталин Кохальми, Андраш Рона-Таш нар Монголд судалгааны аялал хийсэн байна. 1961 онд бөө судлаач Вилмош Диосеги мөн Монголд ирж, бөөгийн шүтлэгийн түүх, уламжлалын талаар судалгаа хийсэн. Археологич Иштван Эрдели 1961-1989 онд Төв Азийн бүс нутаг дахь Хүннү, Түрэгийн булшинд археологийн малтлага хийв. 1969 онд Лайош Лигети Унгарын Шинжлэх Ухааны Академийн дэргэд Алтай судлалын судалгааны бүлгийг байгуулсан бөгөөд тус бүлэг нь 2006 он хүртэл ажиллажээ.
Мөн БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, БНУАУ- ын Шинжлэх Ухааны Академийн хамтран ажиллах гэрээний дагуу 1960 онд Улаанбаатар хотын Бэлхийн аманд байрлах Хүннүгийн булшанд анхны малтлагыг хийсэн бол, энэ жил Унгар Улсын Унгар судлалын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийг хийж гүйцэтгэсэн юм. Эдгээрээс гадна олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлсэн юм.
Хурлын дараа ШУА-ийн төлөөлөгчид Унгар-Монголын дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд Элчин сайдын яамнаас бүтээлгэсэн хоёр Дурсгалын самбартай танилцав. Эдгээр нь “Бөмбөгөр ногоон театр”-ын зураг төслийг хийсэн Унгарын инженер Гелета Йожеф, Д.Сүхбаатар жанжны эмч асан Радноти Рот Андор нарын Монгол улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг алдаршуулсан үйл ажиллагааны нэг хэсэг юм.