Уул уурхайОнцлох

Өвлийн бэлтгэл ажил 84.7 хувьтай байна

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаж, цаг үеийн асуудлаар /2021.11.08/ зөвлөлдлөө. Шуурхайн эхэнд Эрдэнэт сувиллын цогцолбороос ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Сүүлийн 96 цагийн байдлаар, үйлдвэрийн хэмжээнд коронавирусийн 6 тохиолдол  батлагдсан байна. Халдварын тохиолдол буурч, тархалт багасаж байгаа хэдий ч хүн бүр хувийн халдвар хамгааллын дэгээ сулруулалгүй, олон хүнтэй газраар аль болох явахгүй байхыг Эрдэнэт сувиллын цогцолбороос анхааруулав. Мөн өвлийн сарууд ойртож, ханиад томуу тусах эрсдэл нэмэгддэг тул анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.

Өнгөрсөн 7 хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй ажилласан бол Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажлаа технологийн дагуу хэвийн үргэлжлүүлжээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс долоо хоногийн төлөвлөгөөний явцаас танилцуулж, 11,12 саруудад нэмэлтээр зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйг мэдээллээ.

байдлаар, өвөлд бэлтгэх ажил 84.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Үндсэн технологийн болон эрчим хүчний тоног төхөөрөмж, аж ахуй, нийгмийн барилга байгууламж, түүхий эд материалыг бэлтгэх чиглэлээр төлөвлөсөн  нийт 301 ажлын 255 нь 100 хувиар биелж, 9 ажил хугацаа нь хүлээгдэж буй аж. Үлдсэн 12 хувийн ажил нь 40-99 хувийн биелэлттэй байна.

Цехүүдийн ажлын явцыг тодруулбал, Засвар механикийн завод 100 хувь, Баяжуулах үйлдвэр 97 хувь, Дулааны цахилгаан станц 99.2 хувиар өвөлд бэлтгэж, үйлдвэрлэлийн цехүүдийн үзүүлэлт өндөр байгааг онцоллоо. Баяжуулах үйлдвэрт хийгдэж буй өргөтгөл шинэчлэлийн ажлууд үргэлжилж, өнгөрөгч амралтын өдрүүдэд шугамын булалт, 5-р секцийн стандартын бус төмөр хийцийг татаж авах ажлууд хийгдсэн байна.

Энэ ажилд Үйлдвэрлэлийн хэлтэс, Авто тээврийн байгууллага, Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран, шуурхай гүйцэтгэсэнд талархаж буйгаа Баяжуулах үйлдвэрийн удирдлага мэдээллийнхээ үеэр илэрхийлэв. Засвар механикийн заводад  цутгамал, механик боловсруулалттай эд анги, металл хийц ба стандартын бус тоног төхөөрөмж, резин эдлэл зэрэг чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, оны эхнээс төлөвлөгөөт үзүүлэлтээ 104.8 хувиар биелүүлсэн байна.

Дулааны цахилгаан станц өвлийн горимд шилжин, 4 зуух 4 машины хүчин чадалтайгаар хоногт 1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, үүнээс 844670 кВт.ц эрчим хүчийг түгээн ажиллаж буйг Ерөнхий инженер Д.Дарханбаяр мэдээллээ. Мөн зуухны их засварын ажлыг энэ сарын 20-нд, шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулалт, угсралт, тохируулгын ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг Спорт ордноос эхлүүлж, энэ долоо хоногт Соёл урлагийн цогцолборт үргэлжлүүлж байна. Ажилтнуудын дархлааг дасгал хөдөлгөөн, урлаг соёлоор дамжуулан, эерэг хандлага бүрдүүлэн,  сэргээх зорилготой тус аян амжилттай, үр дүнтэй явагдаж байгааг Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат онцолж, аянд цех хэлтэс бүр идэвх санаачилгатай оролцохыг уриалав. 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл өгч, цаг үеийн тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллахыг бүх газар хэлтэс, цехийн удирдлагуудад үүрэг болголоо.     

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version