СурвалжлагаFocus

Зочлох үйлчилгээнийхэн ур чадвараа “гайхуулж” байна

Зочлох үйлчилгээний салбарынханд зориулсан “Horeca Mongolia Expo-2021” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн яармаг өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Энэ үеэр уг үзэсгэлэнг зохион байгуулагч болон оролцогч байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.

Өнөөдрийн үзэсгэлэнг “Зочлох үйлчилгээ ба Тогтвортой ажлын байр” уриан дор зохион байгуулж байна

Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн “Horeca” төвийн тэргүүн Б.Дэлгэржаргал:

“Horeca Mongolia Expo-2021” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн яармаг өнөөдөр “Мишээл экспо” төвд амжилттай зохиогдож байна. Энэ жилийн үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс “Зочлох үйлчилгээ ба Тогтвортой ажлын байр” уриан дор зохион байгуулж буй. Учир нь зочлох үйлчилгээний салбар өнөөдөр маш олон тулгамдсан асуудалтай нүүр тулаад байгаа ч салбарынхаа зочин угтагч, бариста, бармен гэх мэт мэргэжлүүдийг сурталчлах, тэдгээр ажилтнуудыг алдаршуулахад энэ удаагийн үзэсгэлэн яармагийн үйл ажиллагааг чиглүүлж байна. Үзэсгэлэн яармагийн дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “АПУ” ХК  ажиллаж байгаа юм. Оролцогч байгууллагуудын хувьд дарс, вино болон хоол хүнс, программ хангамж, ариутгал цэвэрлэгээ, тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүнээ дэлгэн таниулж байна. Манай үзэсгэлэн хоёр өдрийн турш үргэлжлэх тул сонирхсон иргэд, аж ахуй нэгж, албан байгуулагууд өргөнөөр хүрэлцэн ирж оролцоорой гэж хэлье.

Зочлох үйлчилгээний салбарыг олон нийтэд таниулах ажлаа ирэх оноос эхлүүлнэ

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ:

“Horeca Mongolia Expo-2021” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн яармаг нь зочлох үйлчилгээний салбарт ажиллаж буй компани, аж ахуй нэгжүүдийн инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулах, олон талт үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байна. Өнгөрсөн хоёр жилд зочлох үйлчилгээний салбарынханд маш хүнд цаг үе болж өнгөрсөн. БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв нь зочлох үйлчилгээний салбартаа манлайлж байгаа аж ахуй нэгжүүдийг олон нийтэд сурталчлах ажлаа ирэх оноос эхлүүлж, дараагийн аялал жуулчлалын хэвийн нөхцөл бүрдэх хүртэл хугацаанд тасралтгүй хийж хэрэгжүүлэх юм.

Хүүхдэд ээлтэй 10 нэр төрлийн аяллыг бид санал болгож байна

“Black” студийн захирал Алекс Александр:

Манай студи нь энэхүү үзэсгэлэн яармагт Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтарч оролцож байна. Бидний санал болгож буй бүтээгдэхүүн нь бүгд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа гэдгээрээ бусад оролцогчдоос нэлээн өвөрмөц, онцлог чанартай. Ковид-19 цар тахлын нөлөө бидний ирээдүй болосн хүүхэд багачуудад маш хүнд, сөрөг байдлаар туссан. Хэдийгээр вакцинжуулалтын үр дүнд хөл хорио бусад хязгаарлалтын дэглэм суларч байгаа ч хүүхдийн өнгөрсөн хугацаанд өртсөн сэтгэл зүйн болон бие бялдрын олон талт сөрөг нөлөөллийг бүрэн дүүрэн арилгаж чадахгүй байна. Иймд бид хүүхдээ хэрхэн зүй зохистой амраах, ингэхдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангасан ээлтэй бас дурсамжтай аяллыг зохион байгуулахад анхаарлаа хандуулж байна. Түүний зэрэгцээ өнөөдрийн үзэсгэлэн яармагт эцэг эхчүүдтэйгээ оролцож яваа хүүхдүүдийн зургийг үнэ төлбөргүй авах үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.

Манай бүтээгдэхүүн нь ямар нэг химийн орц найрлагагүй, эко таваар юм

“Мөнхгэрэл Меркури” ХХК-ний ажилтан Э.Тэнгис:

Манай “Мөнхгэрэл Меркури” ХХК нь энэхүү үзэсгэлэн яармагт “Elpozo” брэндийн голлох хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Тухайлбал, “Хамон” гахайн гуя, “Чиризо” нарийн мах, “Салами” бүдүүн хиам зэрэг бүтээгдэхүүн нь Испани улсаас оруулж байгаа махан төрлийн бүтээгдэхүүн юм. Эдгээр бүтээгдэхүүн нь борцолж хатаасан технологиор хийгдсэн гэдгээрээ онцлог. Манай бүтээгдэхүүний давуу тал нь онгон дагшин бэлчээрт бэлчсэн хар гахайн махыг түүхий эдээ болгодог. Мөн бидний оруулж ирж буй бүтээгдэхүүнүүд нь ямар нэг химийн орц найрлагагүй, эко таваар юм. Манай бүтээгдэхүүнийг Латин болон Испани нэр төрлийн рестораны үйлчилгээ эрхлэн явуулдаг ресторан, хоолны газрууд авч хэрэглэх боломжтой. Түүнчлэн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэгч иргэд тухайн улс орны иргэд Монголоор аялсан тохиолдолд өөрийн тогтмол хэрэглэдэг эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ихэд сонирхолтой, таашаан хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Туул, П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version