Эвийн гагнаас Эрдэнэт үйлдвэр
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сарыг жил бүрийн намар тэмдэглэдэг уламжлалтай. Үйлдвэрлэлийн үндсэн цехүүд дундаас хамгийн олон орос ажилтантай Баяжуулах үйлдвэр найрамдлын сарын аяныг гол төлөв эхлүүлнэ.
Тэд баяжуулагчдынхаа дунд “Орос орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын уралдаан, орос дууны болон орос хоолны тэмцээн, орос мэргэжилтнүүдэд хандсан талархлын үгтэй захидлын аян зэргийг зохион байгуулан дүгнэж, орос ажилтнууддаа хүндэтгэл үзүүлдэг.
Эндээс эхэлсэн Монгол-Оросын найрамдлын сарын аян Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдээс хальж, эв хамтын хүчээр бүтээн байгуулсан Орхон аймгийн хэмжээнд үргэлжилнэ. Цэцэрлэг, сургууль, соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа мартагдашгүй орос түмнийг дурсахад бүтэн сарыг зориулдаг гэж хэлж болно.
1970-1972 онд ЗХУ-ын геологичид “Эрдэнэтийн-Овоо”-ны орчимд нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэй хэмээн тогтоосноор Монголын уул уурхайн анхны том үйлдвэр байгуулах шийдвэр гарсан юм. Ингээд үйлдвэртэй хамт Галуут нуураас Эрдэнэт хот хүртэлх 407 км цахилгаан дамжуулах шугам, Дархан-Эрдэнэтийн 180 км авто зам, Салхит-Эрдэнэтийн 168 км төмөр зам, хивсний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, I, II, III бичил хорооллын орон сууцны барилгуудыг ЗХУ-ын хөрөнгө, мэргэжилтэй боловсон хүчний туслалцаатайгаар барьсныг Монголчууд мартаагүй. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг цогцлоох их бүтээн байгуулалтын уухай хоногийн 24 цагийн турш хором ч тасардаггүй байсныг ахмадууд бахархан дурсдаг.
Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа 1978 оны 12-р сарын 14-нд галт тэргэнд ачуулснаар дэлхийд эхний аравт багтаж, тивдээ тэргүүлэх энэ үйлдвэрийн он тоолол эхэлсэн түүхтэй. Нэгдүгээр ээлж ашиглалтад орсон анхны жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажиллагсдын 72 хувь нь орос мэргэжилтэн, 28 хувь нь монгол ажиллагсад байсан бол өнөөдөр 97 хувь нь монголчууд ажиллаж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулахдаа жилд 16 сая тонн хүдэр боловсруулна гэж тооцсон бөгөөд 1990 он хүртэл таван ээлжийг ашиглалтад оруулж үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглах хэмжээнд хүрсэн. Гэвч ОХУ, Монгол улсад нийгмийн томоохон шинэчлэлт хийгдэж, зах зээлийн нийгэмд шилжих явцад Эрдэнэт үйлдвэр техник технологийн хоцрогдол, сэлбэг хэрэгслийн дутагдалд орох бэрхшээл тохиолдсон. Монголын томоохон үйлдвэрүүд үүд хаалга барьсан тэдгээр он жилүүдэд Эрдэнэт үйлдвэр бэрхшээлийг амжилттай даван туулж, аажмаар үйлдвэрлэлээ сэргээж 1994 онд анх удаа 20 сая тонн хүдэр олборлож цаашид эрч хүчтэй ажиллах амжилтын гарааг дахин эхлүүлсэн юм. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр жилд дунджаар 32 сая тонн хүдэр боловсруулан, 23 хувийн зэс агуулсан 570 орчим мянган тонн зэсийн баяжмал, 47 хувийн молибден агуулсан 5300 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлэн Самсунг корпораци, Оушн Партнерс, Ред Металл, Таурус Металл, Миллифорд Глобал Корпораци, Кингфайн, Гоулд Майлс, Жин Сунг, ТФ Металл зэрэг дэлхийн томоохон худалдааны компаниудтай гэрээ байгуулан борлуулж байна.
“Эрдэнэт” үйлдвэр Олон Улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг хамтарсан үйлдвэрийн статустай байсан цаг саяхан. 2016 оны 6-р сараас эхлэн Монгол Улсын хуулиар, Монгол Улсын компанийн тухай хуулиар зохицуулагддаг 100 хувь Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болсон. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталснаар одоо 100 хувь төрийн өмчийн статустай ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан нь үйлдвэрийн газрын тогтвортой хөгжил, урт хугацааны бодлогыг тодорхойлсон чухал баримт бичиг болсон юм. Энэ хүрээнд зэсийн баяжмал боловсруулах, уусган баяжуулах HL-SX-EW технологиор катодын зэс үйлдвэрлэх, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх, хүхрийн хүчлийн болон Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барьж байгуулах, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх зэрэг томоохон төслүүд хэрэгжиж, үйлдвэрийн бүсэд бүтээн байгуулалт ид өрнөж байна.
Улс орны амьдралд ямар ач холбогдолтой үйлдвэрийг Орос “ах” нартай хамтран байгуулснаа COVID-19 цар тахлын энэ хүнд цагт монголчууд хамгийн тод томруун, гүн гүнзгий мэдэрлээ. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэсэн, халдварт өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдсэн энэ үед Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт өгдөг мөнгө, ажилчдад олгодог цалин, нийгэмд түгээдэг халамжаа хэвээр хадгалаад зогсохгүй, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг 100 хувь дааж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаад монгол түмэн талархаж буй.
Эрин зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жил тогтвортой ажиллах нөөцтэй. Хүдрийн нөөцийг шинэчлэн тогтоох ажил үе шаттай үргэлжилсээр байгаа учраас үйлдвэр зогсох он жилийг хэн ч таашгүй. Харин Монгол-Орос “ахан дүүс”-ийн эвийн гагнаас Эрдэнэт үйлдвэр найрамдал, хамтын ажиллагааны сарыг, Ялалтын баярыг дахин 60 жил ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэдгийг хэн бүхэн мэднэ.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс