Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын зочлох үйлчилгээний гэр холбоо хамтран “Өглөөний цай”, “Үндсэн хоол”, “Зууш, амтлаг хоол, ундаа” гэсэн гурван цуврал гарын авлагыг гаргалаа. Уг гарын авлагуудад орсон жорыг бэлтгэхдээ хүний биеийн онцлогт тохирсон шим тэжээлийг тооцсоны зэрэгцээ уламжлалт болон орчин үеийн хоолны технологиудыг ашигласан байна.
Тухайлбал, “Өглөөний цай” номд мах болон дайвар бүтээгдэхүүний 7, өндгөөр хийсэн 14, зутан болон тунгалаг шөлний 13, талх, нарийн боовны 22, талхан зуушны 9, нийт 65 жорыг тусгажээ. Хүн өдөрт дунджаар 8 цаг унтаж амардаг, унтахаас 2 цагийн өмнө хоол идэхгүй гэж үзвэл 10 цагийн хугацаанд хоол хүнс хэрэглэдэггүй аж. Тиймээс өглөөний цай нь тухайн өдрийн турш ажиллах энерги буюу илчлэг, шимт бодисыг хангадаг гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, зохистой хооллолтын зөвлөмжид тусгаснаар өглөөний цайнаас өдрийн нийт илчлэгийнхээ 20-25 хувийг хангах нь зүйтэй гэж зөвлөдөг. Хэрэв хоногт 2400 ккал илчлэгийг хоол хүнснээс авна гэвэл 480-600 ккал-ийг өглөөний цайнаас авах хэрэгтэй.
Орчин цагт аялагч жуулчид өглөөний цайндаа ихээхэн анхаарах болсон тул дээрх хэрэгцээ шаардлагад тулгуурлан тус гарын авлагыг боловсруулсан ба зочлох үйлчилгээний салбарынхан энэхүү гарын авлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг олгох үүднээс Аялал жуулчлалын хөгжлийн төв өөрийн www.mto.mn сайтын цахим ном буланд удахгүй байршуулах юм.