БоловсролСурвалжлагаОнцлох

MagicBox – Ирээдүй хойчдоо чиглэсэн “Гэрлийн буухиа”

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй олон сайхан хүмүүсийн итгэл найдвар, хүсэл мөрөөдлөөр хөглөгдсөн “Үндэсний өгөх өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр хүн бүр өөрийнхөө чадах бүхнээ бусдад өгөхийг зорьж хичээдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэ оны “Үндэсний өгөх өдөр” хүүхэд багачуудын ирээдүйд “Гэрэл асаасан” сайн үйлсийг залуус санаачлан эхлүүлж, амжилтаа хуваалцаж, аз жаргалыг түгээж байна.

Тодруулбал, Magicbox төслийг санаачлагч залуус хамтран хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хичээлээ давтаж, ном уншиж, хүүхдийн Уoga- гаар хичээллэж, шатар тоглож, код бичих сургалтад хамрагдаж, зураг зурах, хоцрогдол арилгах сургалт хийх зэргээр ашиглах боломжтой “Контейнер-Номын сан”-г бүтээснээ Төв талбайд байрлуулж, танилцууллаа. Тэдний кофе уух зууртаа ярьсан мөрөөдөл нь ийнхүү ажил хэрэг болон олон түмэнд танилцуулагдаж, “Үндэсний өгөх өдөр” ном хандивлагчдийн баяр хөөр, талархалаар бялхаж байна. Нэг удаад 25 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус номын сан нь улсын төсвөөр баригдаагүй, хямд өртөгтэй, хүүхдэд ойр “cool” газар болж, Монгол улсын бүх сум ийм magicbox-той болоосой гэсэн тэдний хүсэл биелэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.

MagicBox төслийн санаачлагч Б.Цолмон

-Контейнерт номын сан байгуулах хүсэл яагаад төрсөн юм бэ. Гол зорилго нь?

-Хүүхдүүд хичээлээ хамтдаа давтаж, даалгавараа хийх газар их ховор юм байна. Нөгөө талаар хүүхдүүдийг гар утаснаас нь салгаад номонд дуртай болгоё гэсэн санаан дээрээс үндэслэсэн. Би урьд нь контейнерээр  хэд хэдэн  хийцийн кофе шоп хийж байсан.

Манай контейнер кофе шоп маань Блью скайн хажууд байрладаг. Тэнд хүүхдүүд маш их орж ирдэг. Орж ирээд “Ахаа, кофе авмааргүй байна. Мөнгө байхгүй.  Гэхдээ даалгавараа хийчихээд явчихаж болох уу” гэж их асуудаг байсан. Тэгэхэд нь “Хүүхдийн орон зай гэж хаана, юу байгаа билээ” гэж бодохоор сургууль бодогдоно. Гэвч хичээл тараад л дараагийн анги ордог тул гадагш гардаг.

Орох газар олдохгүй. Хүүхдүүд бие биенээсээ асууж байж хичээлээ илүү сайн ойлгодог. Багшаасаа айгаад асуудаггүй хүүхдүүд олон бий. Тиймээс тэдэнд зориулсан орчин бүрдүүлж, 100 хувь үнэгүй номын сан байгуулья, даалгавараа хамтдаа хийж, шатрын дугуйланд хичээллэж, код бичих сургалтад сууж, иогийн багшаар хичээл заалгаад яваг  гэж төлөвлөсөн.  

-Аливаа төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллагсад их чухал шүү дээ. Энэ талаар?

-Хамтын ажиллагаа хамгийн чухал. Тухайлбал, АПУ ХК хашаандаа байсан 2 контейнерийг бидэнд өгчихсөн. Кореа кабель ХХК-ний хамт олон бидэнд шалны  халаалтыг нь шийдэж өгч байна. Ид шидийн орноос 15 сая төгрөг хандивласан. Даларав ХХК хүүхдийн төлөө оюунлаг үйлс, нийгмийн хариуцлага гээд номын тавиуруудыг өөрсдийн материалаар хийж өгсөн гээд тоочвол олон хүний тус дэм, хандив орлоо.

Тэгээд ихэнхийг нь найзуудаараа мөнгөө нийлүүлээд хийсэн. Цаг хугацааны хувьд жаахан хэцүү үе таарлаа. Хил хаагдаад барилгын  материалын үнэ өссөн ч “Үндэсний өгөх өдөр” нээлтээ хийнэ гэж зорьсон учраас хүнээс мөнгө зээлж, гэрээсээ юм зөөж байгаад ч гэсэн дуусгаж чадлаа. Дахиад 2 контейнер дулаалж, янзлахад бэлэн болсон. Ирэх долоо хоногоос тэр ажил руугаа орно.

-Зорьж ирээд ном хандивлаж байгаа хүмүүсийг хараад ямар сэтгэгдэл төрж байна?

-Контейнерээ байршуулахад багагүй асуудал үүссэн ч бид ирээд 3-хан цаг болоход номын тавиурууд маань бараг л дүүрчихлээ. Тэгэхээр бид дахиад 6 хоног энд байна гэхээр дараагийн контейнеруудад тавигдах номнууд цуглачихна гэж бодож байна. Сэтгэл үнэхээр сайхан байна.

Орон нутгаас бидэнд хандсан хүсэлтүүдээс хамгийн сайн материал ирүүлсэн сум руу л явуулна даа. Magic Box дэмжигчдийн группт  таван асуулт тавьсан байгаа. Тэр асуултад хариулаад цаашид тууштай авч явах, урт хугацааны гэрээ байгуулж, хариуцлагатайгаар эзэн нь болох сум орон нутаг болон хотын захын хороонд үнэгүй өгөх юм.  Тиймээс хариуцах эзэн маш чухал.

Нөгөө талаар ээжүүд хүүхдүүдийн хичээл эхлэхээр ажил хийж чадахгүй болчихоод байгаа. Хичээл тарахаар хүүхдээ хаана байлгах, 7 хоног танхимаар хичээллэж, дараагийн 7 хоногт нь гэртээ байхаар яах билээ гэдэг асуудал их байна. Иймд хүүхдүүд хичээлээ тараад ээж, аавынхаа ажлыг тарах хүртэл ойролцоох контейнер номын санд сууж байгаад харьдаг ийм газар олон бий болно гэж итгэж байна.

“Лантуун Дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан

Өнөөдөр бид хүүхдэд зориулсан том ажлыг зөв шийдэл гаргаад хийж болдог юм байна гэдгийг харуулах жишээ /кейс/ бий болголоо. Монголынхоо 330  суманд энэ ажил маань түгээсэй гэж хүсэж байна. Боломжтой гэдгийг хүмүүст харуулчихвал болдог. Хүмүүс хийж чаддаг. Сая нэгсумын Засаг дарга ирээд “Өө за за. Энэ болох юм байна. Нутгийн зөвлөлийнхөнтэйгээ уулзаж ярилцаад суварга, хаалга барьдаг ажлынхаа хажуугаар  ийм ажлыг хийх боломжтой” гэж байна.

Энэ ганц контейнер шиг харагдаж байгаа ч “Ирээдүй хойчдоо чиглэсэн гэрлийн буухиа” болно гэж харж байна. Өмнө  нь төрийн байгууллагууд бидэнд чилгэсэн тендер зарладаг бол бид эргээд аймаг сумын удирдлагуудад хандан тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийж байна. Сумын Засаг дарга нар бидэнд эссэ бичиж, ийм учраас энэ номын сан авахыг хүсэлтэй гэдгээ илгээж байна. Их сайхан хандлага. 40тн-ын төмөр контейнер одоо халаалт дулаантай,  хүүхдүүд өвөл зунгүй ашиглах боломжтой “Номын өргөө” болгож чадлаа.

Төв талбайд байршуулаад хэдхэн цаг болоход тавиурууд нь бараг л дүүрч байна.  Хүмүүс ийм сайхан сэтгэл зүрхээ өгч ном хандивлаж байна. Энэ ажлыг хийх талаар ярилцсан хэдэн найзуудын санаачлага маш том ажил болчихлоо. Хэдүүлээ кофе уугаад л мөрөөдөж, ярьж суусан нь ч маш хурдан хугацаанд бүтчихлээ. Бүгд л чаддаг чаддагаараа оролцохоор том ажил болчихдог юм байна. Сонгогдсон суманд хүргэж өгөхдөө бид “Mind tour” нэртэй аялал хийнэ. Тэр сумандаа хэд хоног амьдарч, “TED EX” шиг сургалт хийгээд эхний ажлын үр дүнгээ харна. Үр дүн сайн гарвал бид ханцуй  шамлан энэ ажилд орно.

Улаанбаатар хотын гэр хороололд ч байх ёстой. Сүүлийн үед хүмүүс тэгш боломж, хүүхдийн эрх ярьж байгаа ч яг бодит ажил хэрэг болсон юм их бага байгаа. Хүүхдүүд  уулзах газаргүй, гудамжинд ямар ч орчингүй байна. Энэ ажил жижиг ч гэсэн бодит бүтээн байгуулалт гэдэг утгаараа их баяртай байна. Хүмүүс их сайхан хүлээж авч байна. Том чемодантай ном чирээд ирж байгаа охиныг харлаа. Сайн дурын ажил хийж байгаа бид тийм  сайхан дүр зургийг хараад л сэтгэлээрээ урам зориг авч ажиллаж, амьдардаг.

Хичнээн муухай бараан зүйл тохиолддог ч бид даваад гарна. Цаашдаа улс орны хөгжил гэж ярих юм бол  хүүхэд рүү хандах ёстой. Ирээдүй гэвэл хүүхдийг ярих хэрэгтэй. Тэр бүхний эхлэл энэ байна. Ид шидийн  орон,  Лантуун дохио ТББ-ын залуучуудын үйл ажиллагаа орон нутаг руу чиглээд  эхэлж байгаагийн илрэл энэ ажил маань юм даа.

Alfa Book номын дэлгүүрийн захирал Д.Оюунсүрэн

Кодингийн сургалтыг Монголд оруулж ирсэн Андерсон академийн Цолмон санаачилж эхлүүлсэн ажилд бид хамтран оролцож байна. Кодингийн сургалтыг “Ид шидийн орон”-д хийж байгаад ярьж суусан нь ажил хэрэг болоод байна. Манайхаас Аюурзана багцын борлуулалтаас 30 сая төгрөгийг  энэ контейнерийг босгоход оруулсан. Сум орон нутгууд бидэнтэй хамтран “Ноу-Хау”-г хэрэгжүүлэх хүсэлт гаргавал бид хамтран ажиллаад дэмжиж туслаад явна. 11 сарын 6-ныг дуустал хандивийн ном хүлээн авна. Орон нутагт энэ контейнер номын санг хариуцаад, эзний ёсоор аваад явах хүсэлт бүхий материал хүлээж авч, тэдгээрээс бид сонгон шалгаруулна.

Ном хандивлагч Г.Гуамарал

Би найз Д.Зоригийн хамт ном хандивлаж байгаа. Найз маань эмээгийнхээ гэгээн дурсгалд зориулаад хүүхдийн оюун ухааныг тэтгэсэн бэлэг өгч байгаа юм. Нэг удаа хоол авч өгсөнөөс ном нь олон удаа хүүхдүүдэд хэрэгтэй гэж үзсэн. Би АНУ-д амьдардаг, ийм сайхан ажил хийж байгаа бүх хүмүүст их баярлаж байна. Төв талбайд оруулах зөвшөөрөл өгсөнд талархаж байна. Бид монгол үлгэрүүд, дунд сургуулийн уран зохиолын номнууд, танин мэдэхүйн номнууд гээд 370 мянга гаруй төгрөгийн номыг шинээр худалдан авч, хандивлалаа.

Түүх сөхвөл, Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг тэмдэглэж байна. Хамгийн анх 2010 онд тэд хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн байна. Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж чадсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлэн, бүрэн эдгэрсэн ажээ.

“Өгсөн нь өөдлөн дэвжиж Авсан нь арвижин батжих болтугай”

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version