Уул уурхай

Эгэл эрдэмтэн

Түүний аав Х.Самгайн Архангай аймгийн Цэнхэр сум харьяат. Нягт нямбай,  гоё бичдэг, насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан, онц тээвэрчин явжээ. Харин ээж Б.Сүхбат нь Өвөрхангай аймгийн Уянга сумынх. Гавьяаны амралтдаа гарсан ч тус аймгийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий иргэний зөвлөлийн даргаар сүүлийн зургаан жил гаруй хугацаанд ажиллаж буй хөдөлмөрч, шударга, зарчимч, шаардлага өндөртэй, хөнгөн шингэн, энгэртээ багтахгүй олон одон медальтай хүн явах. Ийм нэгэн гэр бүлд технологич инженер С.Одончимэг нэгэн мянга есөн зуун 70-аад оны дундуур төржээ. Дээрээ нэг эгч, гурван эрэгтэй дүүтэй. Айлын удаах охин.  Аавынхаа олон сайхан зан чанараар бахархаж явдаг бөгөөд зааж сургасан бүхнийг биелүүлэхийн төлөө хичээнэ. 

Балчир насандаа одоогийн Төвхөн хийдийн ойролцоо өвөө, эмээ дээрээ хурга, ишиг хариулж явснаа дурсах. Монголын түүх дурсгалын өлгий, шашин шүтлэгийн Эрдэнэзуу хийд, Хангайн нуруу, Орхон түшээ гол гэх мэт эрчим хүч энерги дүүрэн нутаг болох Өвөрхангай аймгийн Хархорин суманд бага насаа үдсэн аж. 10 жилийн сургуульдаа математик, физикийн олимпиадад жил бүр оролцдог, анги, бүлгийн даргын сонгуульт ажилтай, сургуулийн урлагийн үзлэг, шинэ жилийн баяраар хөтлөгч хийдэг, нийгмийн  идэвхтэй охин явжээ. Математикийн төрөлжсөн сургалттай 10г ангид үеийнхээ “гавал” гэгдэх хүүхдүүдтэй амжилттай суралцжээ. Сургууль нь математикийн төрөлжсөн сургалттай болохоор хими, биологийн хичээл орохгүй. 

Харин тэр 10-р ангиа төгсөх жилээ ямар мэргэжил сонгох тухайгаа Анагаахын их сургуулийн оюутан ахаасаа зөвлөгөө авч. Ирээдүйд бараа судлалын мэргэжил их чухал болно, хими, физик, орос хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өг гэхэд нь шууд л 9-10-р ангийн химийн хичээлээ элсэлтийн шалгалт эхлэхэд ердөө дөрвөн сар үлдээд байхад бие даан өөрөө судалж эхэлсэн байна.  Ингэж шалгалтдаа шаргуу бэлдэж, 8-р ангийн химийн багш дээрээ өглөө, үдэшгүй асуух зүйлээ бичиж аваад  очно.

Багш нь ч цааргалахгүй, ажлаа хойшлуулаад л түүнд зааж, зөвлөдөг байж. Элсэлтийн шалгалт авахад хүссэн хуваарь нь байхгүй, хими, физик, орос хэлээр ганцхан Улсын багшийн их сургуулийн химийн ангийн хуваарь ирсэн байв. Тэр Анагаахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд өрсөлдөх хүүхдүүдтэй химийн хичээлээр суурь шалгалт өгч хамгийн өндөр оноо авчээ. Маргааш нь физикийн шалгалтад 100 оноо авч, орос хэлний шалгалтад ямар ч оноо авсан сургуульдаа хамгийн түрүүнд тэнцлээ гэж багш нар, найзууд нь баяр хүргэж байсан гэгээн дурсамжаа сөхөв.

Энэ үеэс л тэр химийн шинжлэх ухааныг сонирхон өнөөг хүртэл өөрийн зохих хувь нэмрээ оруулах хүсэлдээ хөтлөгдөн явж буй. 1996 оноос Ерөнхий боловсролын сургууль, Коллежд  химийн багш,  Хими, хими технологийн хүрээлэн, Говь хувьцаат компанид мэргэжлээрээ ажилласан товч  намтартай. 2001оноос Мобикомын Хархорин салбарыг хариуцан ажиллажээ. Эрдэнэт хотод амьдралын ханьтайгаа  учран гэр бүл зохиож, анхны хүүхэд,  ажилчин хүний амьдрал гээд олон шинэ зүйлтэй нүүр тулгарсан он жилүүд байв. 

Тэр Чанарын хяналтын хэлтсийн, химийн төв лаборатори (ХТЛ)-д лаборантаар ажиллаж Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон байна. “Эрдэнэт үйлдвэрийн дэг журам, сахилга бат ямар ч хүнийг өөрийн хөрсөн дээрээ хүмүүжүүлж, өлгийдөн авдаг. Тэр л зарчмаар явсаар би энэ үйлдвэрийн нэгэн эд эс болж дээ. Судалгааны ажил болон бүтээмжийн санал санаачилга гаргахад чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар болон бусад удирдлагууд ихэд дэмжин ажилладагт талархаж явдаг. Манай чанарын хяналтын хэлтэс бүтээмж, инновацийн санал гаргалт хэрэгжилтээрээ үйлдвэрийн хэмжээнд дээгүүрт бичигддэг.

Эрдэнэт үйлдвэрийн хүдэр, баяжмал болон хаягдлын найрлагыг тодорхойлдгоороо миний  ажил их том хариуцлага, анхаарал төвлөрлийг хүнээс  шаарддаг гэж онцолсон. Бүтээмж, инновацийн мэргэжилтэн доктор /Ph.D/ Б.Чанцалмаа, түүний гаргасан санал санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжин, зөвлөгөө өгч ажилласнаар Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн санал гаргасан эхний 100 ажилтны тоонд багтаж явсан аж. ХТЛ-д ажиллах хугацаандаа инженер С.Одончимэг технологийн шинжилгээний хэсгийн зарим аргачлалын хими шинж чанарыг харуулсан гарын авлага гарган, 2010 онд  Химийн төв лабораторийн технологийн шинжилгээний хэсгийн “Хүхэр тодорхойлох” шинжилгээний аргачлалын эрсдэлийг бууруулах санал оруулж ажилласан байна. Мөн “Эрдэнэт үйлдвэржилт” хэлэлцүүлэгт “Орхон аймгийн хог хаягдлыг ангилан ашиглах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн дэд байр эзэлж байв. Мөн  “Нанопротект ТМ суулгах”, “Эрдэнэт үйлдвэрийн  зэсийн  хүдэр, хаягдлын хүчлийн задаргааг эко дэвшилтэт шинэ аргаар турших” төслийн ажил санаачилжээ. 

2017 онд тэр “Байгалийн дээж дэх бага агуулгатай цагаан алт, алтыг полимерт хелат шингээгчээр баяжуулан тодорхойлох судалгаа” сэдвээр химийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан залуу эрдэмтэн. “Миний амьдралдаа гаргасан амжилт бүхэн бусад хүмүүсийн тусламж дэмжлэгээр л бий болсон байдаг” гэж тэр нэмж өгүүлэв. Тэр эрдмийн ажлынхаа талаар ярих дуртай. Эрдмийн ажлынх нь удирдагчаар шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюун ажиллажээ. Багшийнхаа дэд эрдэмтэн хамгаалсан судалгааны ажилтай ойролцоо сэдвээр хамгаалсан нь олон доктор шавь нараас нь онцлог аж.

Түүний багш эрдмийн ажлын төдийгүй, ажил амьдрал дээр үлгэр дуурайлал үзүүлж явсан байна. Ж.Оюун багш нь Оросын Холбооны Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Н.Басаргинтай уулзуулж, Москвад судалгааны ажлын үнэт зөвлөгөө авах том боломжийг нээж өгч. Докторын ажил хамгаалахад шинжлэх ухааны түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Scopus index өндөртэй олон улсын эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх нь хамгийн том шалгуур үзүүлэлт болдог аж. Тэгвэл доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүд, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд түүний дөрвөн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснийг сайшааж, магтаж байсан талаар сонссон.

Харин тэр энэ бүхнийгээ  Монгол улсын Их сургуулийн багш доктор Н.Жавхлантөгсийн зааж, сургаж, зөвлөж, олон тооны эрдэм шинжилгээний гадаад өгүүлэл уншин, орчуулах хатуу шаардлага тавьдаг байсны үр дүн гэж ярив. Сэтгэлээ шингээж бүтээсэн бүхэн үнэ цэнтэй байдгийн жишээ энэ. ОХУ-ын шинжлэх ухааны гавъяат ажилтан Н.Н Басаргин алт, мөнгийг 100 хувь шингээх сонгомол шинж чанартай ПСТДТ урвалж синтезлэн гаргаж авчээ.

Энэ урвалжийг хэрэглэн, байгалийн дээжид алт тодорхойлох аргачлал боловсруулсныг Эрдэнэт үйлдвэрт нутагшуулан судалж, ХТЛ-ийн багажит шинжилгээний хэсэгт алт тодорхойлдог пробирын анализын аргыг сайжруулсан нь бүтээмж дээшлүүлэх үр ашигтай арга болжээ. Тэр Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдэр, баяжмал болон хаягдалд алт тодорхойлох судалгааны ажлаараа эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломжтой залуу судлаачаар  БШУ-ы яамнаас шалгаруулж  төслийн грантыг гардаж авсан байна. Тэрбээр Монгол улсын Ашигтай загварын дөрвөн гэрчилгээ авсны зэрэгцээ гадаад, дотоодын хэвлэлд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл туурвижээ. 

2021 оноос тэр ЧХХ-ийн шатах тослох материалын лабораторид технологич инженерээр ажиллаж байна. Тус лабораторид шилжин ажилласнаар аналитик шинжилгээний орчин үеийн багаж болох хийн хроматогаф-масс спектрометр (GC-MS)-ийн багажийг хариуцан,  Баяжуулах үйлдвэр болон Засвар механикийн заводын технологийн төрөл бүрийн урвалжуудад чанарын болон тоон шинжилгээг гүйцэтгэхийн зэрэгцээ тус багажаар тодорхойлогдох органик бодисын шинэ аргачлал судлан ажиллах болсон нь түүний докторын ажлын чиглэл болох аналитик химийн судалгаатай ойр, хийхээр төлөвлөж буй ажлуудтай нь холбоотой. Энэ нь цаашид Эрдэнэт үйлдвэртээ урам зориг дүүрэн ажиллах сайхан эхлэл хэмээн мэргэжилтнүүд ярихыг сонссон.

Түүний ханийг “Тэшиг түшиг хангай” ХХК-ийн захирал Ц.Ганзориг гэдэг. Хөдөлмөрч, төлөв даруу зантай нэгэн. Эднийх хүү Г.Гантүшиг, Г.Удвал хэмээх охинтой айл. Тэр чөлөөт цагаараа бясалгал хийх, ганцаараа байх дуртай. Судлан шинжлэх, задалж ойлгохыг хичээж суух үедээ цаг хугацаа, орчин тойрноосоо хөндийрч бусад зүйлсийг огт тоохгүй болдог муу зуршилтай. Мөн зөв гэж бодсон зүйлдээ үнэнч байж, сэтгэл дотроо муу бодол тээж явахыг тэвчдэггүй, үзэл бодлоо хэнд ч шууд л илэрхийлдэг зан чанартай. Буддын шашин шүтлэгтэй. 2018 оноос Випашяна бясалгалыг өөрийн амьдралын салшгүй нэг хэсэг болгохыг зорьжээ. Тэрбээр мөнх бус энэ амьдралын урсгалд тэгш амгалан хандаж, сурахын төлөө хичээн шамдаж явна. Залуу эрдэмтний үйлс өөдөө байг ээ.

Т.Батчулуун

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version