УИХХууль эрх зүйFocus

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь нийгмийн тэгш бус харьцаанаас үүдэн гардаг

Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэйчүүдийн бүлэг, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хамтран энэ сарын 28, 29-ний өдрүүдэд “Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт хурлыг Төрийн ордонд зохион байгуулав.

29-ний өдрийн хурлыг нээж Улсын Их Хурлын гишүүн,  ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нар үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн,  ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг нээлтэд хэлсэн үгэндээ жендерийн тэгш байдлыг бий болгох, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хууль тогтоох байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурлын зүгээс анхааран ажиллаж буйг дурьдлаа.

Тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар шинэ зохицуулалт хийж, хариуцлагыг чангатгасан. Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэж буй гол хуулиудыг жендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй гаргах гаргах үүднээс анхааран ажиллаж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нээлтэд хэлсэн үгэндээ энэхүү хурал нь цаг үеэ олсныг дурьдаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буй нь жендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад ихээхэн нөлөөтэй болсон төдийгүй цаашид эмэгтэйчүүдийн оролцоо бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд улам нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалт зарлахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан зургаан нэр дэвшигчийн тав нь эмэгтэй хүн байна гэж тэмдэглэв.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан “Ковид-19 халдварт цар тахлын үе болон дараах үед жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомжийн харилцан уялдаа, шинэ сорилтууд сэдвэр” илтгэл тавилаа. Мөн Улсын Их Хурлын Эмэгтэйчүүдийн бүлгийн төлөөлөл Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар хуралд оролцов.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний хүйс, жендэрийн онцлог, түүнтэй холбоотой нийгмийн тэгш бус харьцаанаас үүдэн гардаг хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн, эдийн засгийн хүчирхийлэл зэрэг олон төрлөөр илэрдэг.

Монгол улсын хувьд 2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.92 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 55.6 хувиар, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийг үйлчилгээний төв болон Түр хамгаалах байруудаар үйлчлүүлсэн иргэдийн тоо 89 хувиар тус тус нэмэгджээ.

Монгол улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуүль, тогтоомж, тэдгээрийн хүрээнд гарсан дүрэм, журмуудаар зохицуулдаг.

Сүүлийн жилүүдэд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хохирогч болон гэрчийн аюулгүй байдал, хувийн нууцыг хамгаалах, хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх, мөн иргэдийн энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил гарсан ч хангалттай түвшинд төдийлөн хүрээгүй байна.

Үүнд хуулийн хэрэгжилт сул, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал, мөн цар тахлын хариу арга хэмжээний тодорхой бус байдал нөлөөлж байгаагийн зэрэгцээ иргэдийн жендерт суурилсан хүчирхийллийн хэлбэр, үр нөлөө, тусламж авах боломж болон энэ чиглэлийн хууль, эрх зүйн мэдлэг тааруу, цагдаа, хууль сахиулах байгууллагын мэдээллийг хүлээн авч, нотолж, шийдвэрлэх чадавх бололцоо хангалтгүй, талууд ойлголтын зөрүүтэй байгаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байгааг хурлын удирдамжид тусгасан байна.

Энэхүү хурлыг жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хууль, тогтоомжийн харилцан уялдаанд дүн шинжилгээ хийж бодлогын цоорхойг тодорхойлох, бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй саад бэрхшээлүүд болон тэдгээрийн шийдлүүдийг тодорхойлж, бодлогын түвшинд хэлэлцэх, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд ажиллаж буй төрийн ба төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, сайжруулах боломж бололцоог тодорхойлох зэрэг зорилтуудыг шийдвэрлэх үүргээр зохион байгуулж буйг хурлын модератор ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны Дэд дарга Б.Пүрэвсүрэн тэмдэглэсэн.

Бодлого боловсруулагчид, бодлого хэрэгжүүлэгчид болон ашиг хүртэгчдийн хооронд ЖСХ-ийг таслан зогсоох чиглэлд яриа хэлэлцээ өрнүүлж бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой хоёр өдөр үргэлжилсэн хурлын төгсгөлд оролцогчдын санаа бодлыг тусган жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үр дүнтэй шийдлийг тодорхойлж, бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх агуулгаар зөвлөмж гаргасан юм.    

Зөвлөмжийг хэрэгжүүлснээр жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэж, жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих чиглэлд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа нэмэгдэнэ гэж үзжээ.  

Эхний өдрийн хуралд хууль эрх зүй, хууль сахиулах болон холбогдох бусад чиглэлээр суралцдаг оюутан, залуучуудыг хамруулж хурлын зорилго, зорилтуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү үе шат нь залуучуудын дуу хоолойг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүргэж тулгамдаж буй асуудлуудын шийдлийг олоход залуучуудын шинэлэг санаа, бүтээлч байдлыг хөшүүрэг болгоход чиглэсэн.

Хоёр дахь өдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын Эмэгтэйчүүдийн бүлэгтэй хамтран хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх болон холбогдох бусад чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон залуучуудын төлөөллийг хамрууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version