СурвалжлагаЭдийн засагОнцлох

Аялал жуулчлалын салбар “дахин сэргэлт”-ын өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, Хэнтий аймаг хамтран “АйТиЭм-2021” үзэсгэлэнг энэ жил ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ уриатай зохион байгуулж байгаа юм. 22 дох жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнгээр Аялал жуулчлалын салбартай холбоотой худалдаа, үйлчилгээг бодитойгоор таниулан сурталчлах, хөгжлийн чиг хандлагыг  салбартай ашигтайгаар холбох, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээгээ өргөжүүлэх зэрэг олон талын боломжийг бизнес эрхлэгчдэд олгох зорилготой.

Үзэсгэлэнд 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, салбарын бизнес эрхлэгчид оролцож байна. Үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогчид аяллын эвент арга хэмжээ, маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, танилын хүрээгээ тэлэхээс гадна гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдаж байгаа юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн /2021.10.28/ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн их алдагдал хүлээж эдийн засгийн хохирол амсаж байгаа. Монгол орны хувьд сүүлийн хоёр жилд жуулчдын тоо болон аялал жуулчлалын салбарын орлого  90 гаруй хувиар буурсан. Бид хамтдаа энэхүү хүнд цаг үеийг даван туул, аялал жуулчлалын салбарыг сэргээх төлөвлөгөө гаргаж, жуулчин хүлээн авах бэлтгэлээ базаах шаардлагатай. Иймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж,  цар тахлын дараах үеийн аялал жуулчлалын сэргээх стратеги боловсруулахаар шийдвэрлэж олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулж ажилдаа ороод байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл боловсруулж байна. Уг хуулийн төсөлд тусгуулах тодорхой саналуудаа бидэнд ирүүлсэн. Тухайлбал Аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэгч аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хэмжээг бууруулах, бага хүүтэй зээлд хамруулах зээлийн хүүгээс тодорхой хугацаанд чөлөөлөх, газар, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх зэрэг саналуудыг хуулийн төсөлд тусгуулахаар яамнаас албан ёсоор хүргүүлсэн байгаа. Эдгээр саналыг хуульд бүрэн тусгуулах чиглэлээр манай яам ихээхэн хүчин чармайлт тавин ажиллана. Аялал жуулчлалын салбарыг сэргээх, шинэ хэвийн нөхцөлд шилжихэд нөхцөл байдлаас сургамж авч, дүн шинжилгээ хийж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийн оролцоог хангасан, инновац, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааг чиглүүлнэ” хэмээн онцолсон юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгээс онцолвол БОАЖЯ, МУИС-ийн дэргэдэх “Digital solution” гарааны бизнесийн компани, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлсэн “Виртуал Монгол” төслийн танилцуулга байлаа. Уг төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн бүх үзэсгэлэнт газрыг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар виртуал орчинд оруулан сан үүсгэж байгаа аж.

“Санг үүсгэснээр аялал жуулчлалын ААН, иргэд өөрсдийн хүссэн маршрутаар аялал зохион байгуулах, сурталчлах боломжтой болох юм. “Virtual reality” технологи ашиглан хүний харах, сонсох, хүртэх мэдрэхүйд тулгуурлан бүтээсэн бөгөөд одоогоор 4 аймгийн виртуал аялал бэлэн болсон. Цар тахлын улмаас дэлхий дахинд “mass tourism” буюу олноороо аялах аялал багасаж гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон аялах хандлагатай болжээ. Мөн суурин газрын аяллаас илүү байгалийн үзэсгэлэн, тусгайлсан чиглэлийн аяллууд давамгайлах магадлалтайг судлаачид хэлж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалын салбар цахимжиж виртуал аяллын бүтээгдэхүүн анхаарал татаж байна. Монгол Улсын 21 аймгийн зорин очих байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой виртуал аяллыг байгуулах ажлын зураг авалт 30 хувьтай явж байгаа. Ирэх оны есдүгээр сард зураг авалт бүрэн дуусаад Монгол Улсын аялал жуулчлалыг олон улсад сурталчилна” хэмээн Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ онцолж байв. 

Үзэсгэлэнд оролцогчдын санал сэтгэгдлээс хүргэж байна.

Хог хаягдал үлдээхгүй аялах нь “ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ын нэг үндэс

 “Өнгө нэм” ТББ-ын Менежер П.Буянхишиг

Хүмүүс байгаль орчиндоо ээлтэй байх, хогоо ангилан ялгах чиглэлд хэр их анхаарч, хамтран ажиллах санал хүсэлт тавьж байна?

-Манайх аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, ажлаа анх эхлүүлсэн. Нийгмийн хариуцлагатай манлайлагч СU, Жүр-Үр, APU зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй зэрэгтэй хамтран ажилласан. Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд хог хаягдалдаа анхаарал хандуулах ёстой гэж үзсэн.

“Өнгө нэм”, “Лантуун дохио”  ТББ, “Пластик центр” ХХК хамтран  “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг нийслэлд зохион байгуулж, түүгээрээ тоглоомын талбай байгуулан хүлээлгэж өгсөн. Хүүхэд хүртээмжтэй эрүүл аюулгүй тоглоомын талбайд тоглох  нь их чухал, Хуучин барилгын хог хаядал болсон газрыг өөрчилж, гялгар уутыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэх манай аяны чухал зорилт биелсэн. Гялгар уут шууд хөрсөнд хаягдвал 400-500 жилд задрахгүй хөрсний доройтолд хүргэж, байгалийн тэнцвэрт байдлыг  алдагдуулдаг. Тиймээс бмд байгальдаа нийгэмдээ хүндээ ээлтэй аяныг өрнүүлсэн.

-Энэхүү үзэсгэлэнд ямар зорилготой оролцож байгаа вэ?

-Хог хаягдал бол бидний тулгамдсан асуудал. Нүхэн жорлон байна. Бид хүмүүст яаж байгальд ээлтэй аялах вэ гэдэг зааварчилгааг хэлж, нэг удаагийн хэрэглээнээс татгалзаарай гэдгийг уриалж байна. Мөн энэхүү үзэсгэлэнгийн хог хаягдлын менежмэнтийг хариуцан ажиллаж байгаа. Сайн дурын хүүхдүүд маань үзэсгэлэнд оролцогчдын гаргасан хог хаягдлыг ангилан хаяхад нь зөвлөгөө өгч, дараа нь хичнээн оролцогчийн ямар хог хаягдал гарсан. Түүнийгээ дахин боловсруулах үйлдвэрт тушааснаар бид байгаль орчинд ямар ээлтэй  үйл ажиллагаа явуулсан бэ гэдэг тайлан мэдээллийг гаргаж өгөх юм. Ер нь бид хаана ч тэр хог хаягдал үлдээхгүй буюу “ул мөргүй аялах” нь ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын маань бас нэг үндсэн асуудал. Тиймээс бид нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх асуудлыг багасгаж, аялагчид хариуцлагатай байх, жуулчны бааазууд өөрсдийн ариун цэврийн байгууламжаа зөв шийдэхэд нь зөвлөгөө өгч ажиллаж байна.

Баян-Өлгийн аймаг нэг өдөрт 1444 жуулчин хүлээх авах хүчин чадалтай болсон

Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал, “Казак Тур” компанийн захирал, үүсгэн байгуулагч Х.Досжан

Баян-Өлгийн аймагт байгалын аялал жуулчлалд хийхэд үнэхээр сайхан үзэж харах зүйл ихтэй. Тэр утгаараа дотоодын аялал жуулчлалын урсгал эрс нэмэгдсэн  болов уу. Аялагчдад зориулсан зориулсан евэнт арга хэмжээнээс гадна байгалиа хамгаалсан ямар ажлууд хийж байна вэ?

-Дэлхийн нийтийг хамарсан цар тахал гарсанаас хойш, сүүлийн 2 жилд Баян-Өлгий аймаг руу дотоодын жуулчид ихээр ирэх болсон. 2020 онд 20 мянга, 2021 онд 19 мянган жуулчин зочилсон гэсэн албан бус судалгаа гарсан. 2019 он хүртэл манай аймагт зочид буудлын хүрэлцээ маш  муу байсан. Сүүлийн жилүүдэд жуулчны баазууд шинээр нэмэгдэж, аймгийн төвд 10 давхар зочид буудал шинээр ашиглалтад орлоо. Бусад аялал жуулчлалын компаниудын зочид буудлууд баригдаж, одоо нэг өдөрт 1444 жуулчин хүлээх авах хүчин чадалтай болсон. Ингэснээр очсон бүх жуулчинг ая тухтай зочид буудалд хүлээн авах боломж нээгдлээ. Байгаль хамгааллын хувьд аймгийн БОАЖГ, аялал жуулчлалын компаниуд, Мэргэжлийн хяналтынхан, Алтай таван богдын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа хамтарч цэвэрлэгээ хийсэн. 2020 онд нилээн их ажилтай байсан, энэ онд харьцангуй бага цэвэрлэгээ хийсэн. Аялагчдын боловсрол дээшилж байгаа гэж болно.

Байгалийн онгон дагшин байдлаа илүү удаа хадгалахад хүний урсгалыг зөв зохицуулах, зохион байгуулалттайгаар аялах төлөвлөгөө гаргадаг уу?

-Аймгийн төвд аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг 30-аад компани байгаа. Ихэнх очсон хүмүүс аялал жуулчлалын компаниар дамжуулан үйлчилгээ авдаг. Аялал жуулчлалын компаниуд нь тодорхой хэмжээний зааварчилгаа маршрут гаргаж, мэдээлэл өгч явдаг. Хувиараа аялахг хүссэн хүмүүс жолооч хөлсөлж явдаг. Жолооч нар нь аялал жуулчлалын компанид ажиллаж байсан болохоор маршрутын дагуу дүрэм журмаа дагаж аялуулдаг. Гэхдээ маш олон хүн очдог учраас хогоо хаядаг, соёлын өвд бүртгэгдсэн  сүг зураг дээр нэрээ бичдэг нь ч байгаа. Тийм хүмүүсийн үйлдлийг зурагжуулаад Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооноос Экологийн цагдаад хандан шалгуулж,  торгуулийн арга хэмжээ авах, зэрэг ажлуудыг хийсэн.

-Тийм тохиолдол хэр гардаг вэ?

-2020 оны зун Алтай таван богдын Тусгай хамгаалалтай газар дахь Бага түргэний хүрхрээны хадан цохион дээр нэрээ бичсэн тохиолдол гарсан. Нэг хүн биччихээр бусад хүмүүс нь дагаад бичдэг. Дорнод аймгаас очсон 50 орчим насны хүмүүс гэхэд “Монголын зүүн хязгаараас баруун хязгаарт ирлээ”  гэж тэмдэглэсэн байсан. Баян-Өлгий аймаг баруун зах нутаг, үзэх зүйл нь маш их тул хүмүүс сэтгэл хөдлөлд автаж, дурсгал үлдээхийг хүсдэг байх. Тиймээс байгаль орчинд ээлтэй, түү соёлын өвд халдахгүйгээр нэрээ бичиж, түүх үлдээх өөр арга замын талаар судалж байгаа.   

Монгол малын махыг гадныхан ангийн махтай адилтгадаг

“Мон Эко Ламб” төслийн “Чинээлэг малчин” хөтөлбөрийн зохицуулагч Б.Соёлтуяа

Төслийнхөө талаар товч танилцуулвал?

-“Чинээлэг малчин” хөтөлбөр  маань Монгол Улсын 21 аймгийн 200 мянган малчин өрхөд чиглэн хэрэгжиж байна. Гол зорилго нь бэлчээр хамгаалах. Малчдын орлогыг  нэмэгдүүлж, шийдэгдэхгүй байгаа олон салаа асуудлыг шийднэ гэсэн бодлогын хэмжээний ажил юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Mongolian Lamb” гэдэг төсөл  хэрэгжиж байна. Тодруулбал, хургыг эдийн засгийн эргэлтэд оруулья,  жил өнжөөлгүй, өвчилж, өтлөөгүй малын махнаас ашиг шимийг нь хүртэж,  бэлчээрээ хамгаалж, малчдын орлогыг  нэмэгдүүлнэ гэдэг тооцоо судалгаа гаргаж, танилцуулагдаад  явж байгаа.

Малчид малаа томруулж, жин  татах тал дээр анхаарах нь илүү байдаг?

-Тийм. Гэхдээ танилцуулга хийсний дараа малчид бидний  төслийг маш сайн ойлгож хүлээж авсан. Яагаад гэвэл, бид бизнесийн оновчтой загвар танилцуулсан. Нэг жилийн дотор 500 эм хониноос хэчнээн төл аваад, намартаа ямар хэмжээний орлого олох боломжтой  вэ гэдгийг тооцоолж харуулсан. Тэр тооцооллын дагуу манай “Чинээлэг малчинг бойжуулах” ТББ -аараа дамжуулан сургалтын төвдөө мэдээлэл өгч, орон нутгаас ирсэн хүсэлтийн дагуу очиж сургалт хийдэг. Сургалтад хамрагдсан малчидтайгаа хамтраад энэ төслийг хэрэгжүүлж байна. Ахуй амьдрал дээрээ туршиж, үр дүнд хүрсэн  малчдаасаа малыг нь худалдан авч дотоодын зах зээлдээ хэрэглээнд гаргаад нэг жил болж байна. 

онгол малын махны амт чанар, шим тэжээллэг байдал нь гадаад экспорт хийхэд давуу тал болох болов уу?

-Тийм. Бид Монгол брэндээрээ дотоодын зах зээлээ хангаад, хөгжүүлэлт хийгээд дараа нь гадаад зах зээл рүү гаргах зорилт тавиад явж байна. Монгол малын махыг гадныхан ангийн махтай адилтгадаг. Бэлчээрийн өвс ургамал идэж өсдөг учраас эрүүл, органик, уураг амин дэмээр баялаг. Бид 200 мянган малчин өрхтэйгээ хамтраад хурганы махны үйлдвэрлэл эрхэлж байгаа гэсэн үг. Энэ хөтөлбөрийн хүрээнд нялх хурганы тэжээл гэдэг инноваци шингэсэн бүтээлийг  ХААИС, Биотехнологийн хүрээлэнтэй хамтран гаргаад байна. Энэ  тэжээлийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлчихвэл махны гарц сайжирч, дараагийн зорилтууд хэрэгжиж эхэлнэ. Бидний жуулчны баазуудаар дамжуулан монголын брэнд бүтээгдэхүүнээ жуулчдад танилцуулж, хөдөө аж ахуйг дэмжсэн экспорт хийх бодлогын хүрээнд энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа.

Тэнгэрийн хүү Шанью тэнгэр адил өнө мөнх насла” гэсэн бичигтэй энэ олдвор нь түүхийн чухал ач холбогдолтой

Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай

-Архангай аймгийн хувьд Монголын тулгуур төрт Хүннү гүрний анхны нийслэл Луут хотын хэрэмнээс гарч ирсэн олдворуудаа танилцуулан үзэсгэлэнд оролцож байна. Тухайн үеийн Хан улсын эх сурвалжид байдаг, манай дэлхийн нийт эрдэмтэдийн хайж байсан Луут хотын “Тэнгэрийн хүү Шанью тэнгэр адил өнө мөнх насла” гэсэн бичигтэй цорын   ганц энэ олдвор нь түүхийн чухал ач холбогдолтой. Хүннүгийн хааны олдвор гэдгийг илтгэж байгаа энэ олдвор 2020 онд олдвор олдож, малтаж эхлээд олон нийтэд  танилцуулах ажлууд хийгдэж ирсэн. Төр засгийн бүхий л удирдлагууд очиж үзсэн. Овдоо олдвор олдсон газарт жуулчдад зориулан мэдээллийн төвийн шав тавьсан. Тэр төв баригдсанаар жуулчид зорьж оч ин түүхийн нэгэн үеэр аялах боломжтой болно.

Бид захиалагчдаа цор ганц  BOHO загварын хувцас хийж өгдөг

BOHO брэндийн үүсгэн байгуулагчийн охин Н.Замилан

Boho бол индиан хувцас. Нас хүйс, өндөр нам харгалзахгүй  өмсөж болдог, хэмжээ байдаггүй. Бид энэ загварын хувцсыг монголчууддаа зориулж хийгээд 10 гаруй жил болж байна. Энэ брэндийг манай ээж, 2 эгчийн хамт хийж эхэлсэн. Одоогоор 2 салбар дэлгүүртэй. 2 дох  салбараа бид гар урчууд гарчуудтай хамтран нээсэн. Зүүлт, дотуур хувцас, ээмэг бугуйвч, зүүлт гээд бүх төрлийн гоёл чимэглэл худалдаалдаг. Манай гол онцлог нь нэг загварыг цор  ганцаар гаргадаг. 200-750 мянган төгрөгийн үнэтэй. Монголчууд ихэвчлэн надад энэ зохион, зохихгүй, залуудна гэдэг, BOHO загвар хүнд хэзээ ч гологдохгүй. Олон тоогоор нь авчирч худаалдаалаад хүн болгон өмсөөд байна гэхгүй цор ганц, зөвхөн тэр хүнд зориулагддаг. Одоо бид өвлийн загвараа куртик болон дээл хэлбэртэйгээр гаргаж, Монголчууддаа танилцуулж байна. Малгайтай загвар ч байгаа.  

Үзэсгэлэн 10 дугаар сарын 28, 29, 30 -ны өдрүүдэд зохиогдож байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version