Эдийн засагОнцлох

Санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улирлын тойм мэдээллээ /2021.10.28/ танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрсэн. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4, даатгалын зах зээл 1.2, банк бус санхүүгийн байгууллага 6.7, хадгаламж, зээлийн хоршооны салбар 0.8 хувьтай байна.

Хороо чиг үүргийнхээ хүрээнд 3,489 зохицуулалттай этгээд, 2,388 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт тавин ажилласан. Зохицуулалттай этгээдүүдийг салбараар нь ангилбал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 312 ХК, 257 мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлд нийт 321 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 2,388 төлөөлөгч, 531 ББСБ, 225 ХЗХ, 277 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 464 иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн 1102 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. 

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91.0 хувиар өсөж 4,969.1 тэрбум төгрөгт хүрсэн. Харин хувьцааны хөрвөх чадвар 2.4 нэгжээр өсөж 3.7 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 25,405.62 нэгжээр өсөж 42,937.26 нэгжид хүрсэн. Нийт 1.1 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 78.7 хувийг компанийн бонд, 16.2 хувийг хувьцаа, 4.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.4  хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар өсөж 5 төрлийн 672.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагджээ.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өсөж 444.6 тэрбум төгрөгт, нөөц сан 12.4 хувиар өсөж 202.8 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өсөж 188.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсөж 75.0 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөж 44.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 23.8 хувийг эзэлж байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 1.9 хувиар буурч 3.3 саяд хүрчээ.

Банк бус санхүүгийн байгууллага: Нийт 531 банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өслөө. Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж 1.8 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд олгосон зээлийн 62.3 хувь нь хэрэглээний зээл, нийт зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол нийт харилцагчийн тоо давхардсан тоогоор 4.5 сая болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн. Финтекийн харилцагчдын тоо 4.2 сая буюу нийт харилцагчийн 93.2 хувь байна.

Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн бүтээгдэхүүний эх үүсвэр нэмэгдэж, нийлүүлэлт өсөн, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.6 хувь боллоо

Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.1 сая төгрөг бол финтекийн гар утас буюу аппликейшнээр олгосон дундаж зээл 142.1 мянган төгрөг байна. Финтекийн зээлдэгчид 1.3 сая буюу нийт зээлдэгчийн 81.2 хувийг бүрдүүлж байна. Гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн багцад чанаргүй зээлийн эзлэх хувь 8.3 буюу 146.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр буурсан байна.

Хадгаламж, зээлийн хоршооНийт 225 хадгаламж зээлийн хоршоо 75,711 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өсөж 289.4 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 203.8 тэрбум төгрөг буюу 70.4 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.04 пунктээр буурч 1.42 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр буурч 2.25 хувь болсон. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өсөж 208.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 34,296 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,763 байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Хорооны тусгай зөвшөөрөлтэй 277 компани, тэдгээрийн 248 брокер, 1,274 агент үйл ажиллагаа эрхэлж байна. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалынбайгууллагууд нийт 4190 хэлцлээр, 758.8 мянган м.кв талбай бүхий нийт 613.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 1420 хэлцлээр 164.4 мянган м.кв талбай бүхий 13.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 39, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч  иргэн 235, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 125, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 65 байна. Гуравдугаар улиралд 264.2 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 466.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version