Засгийн газарОнцлох

Засгийн газрын хуралдаанаас холбогдох шийдвэрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 141 тоот захирамжаар газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх болон цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсгийн хуралдаан /2021.10.25/ болж, хийж хэрэгжүүлсэн ажил, санал дүгнэлтээ Монгол Улсын Шадар сайдад танилцууллаа.

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 119,800 удаагийн газар хөдлөлт, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 259, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болсон байна.

Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин, хүнд мэдрэгдэм газар хөдлөлтийн тоо 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.  

Тиймээс тус ажлын хэсгээс,  газар хөдлөлтийг бүртгэх станц, зарлан мэдээлэх системийн чадавхийг нэмэгдүүлэх, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг паспортжуулах, хүчитгэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж барих санхүүжилтийг шийдвэрлэх, барилга байгууламжийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, газар хөдлөлтийн бичил мужлалын зураг хийх, өндөр эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг нэн түрүүнд авах шаардлагатай арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулах санал боловсруулсан байна.

Түүнчлэн гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зөвлөмж, сургалт, сурталчилгааг иргэдэд хүртээмжтэй хүргэх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага хангасан сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга, байгууламжийг түр байраар томилгоожуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зориулан улс, орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version