Мотоо Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ш.Сүхбаатар болон бусад албаныхан оролцов. Тэд хоёр улсын парламент хоорондын харилцаа, орон нутгийн засаг захиргаадын харилцаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн жилд та бүхнийг манай улсад айлчилж, өнөөдөр бидэнтэй уулзаж байгаад баяртай байна. Гурав дахь хөрш Япон улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд танай улсыг бидэнд элгэмсэг дотно ханддаг, байнга тусалж дэмжсээр ирсэнд талархаж явдаг. Мөн хоёр орны төдийгүй хотуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлье.
Улаанбаатар хот нь Японы хотуудаас хамгийн анх Мияаконожо хоттой 1999 онд найрамдалт харилцаа тогтоож байсан бол өнөөдөр Токио, Саппоро, Асахикава зэрэг хоттой харилцааг тогтоож, хамтын ажиллагааг өрнүүлсээр байна. Миний бие тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Токио хотод айлчилсан айлчлалын үеэр хоёр хотын харилцааг идэвхижүүлж, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцсон юм.
Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа байдаг. Иймд хоёр улсын нийслэл Улаанбаатар, Токио хотын иргэдийн харилцааг хөгжүүлж, бэхжүүлэх талд миний бие хотын захирагчаар ажиллаж буй энэ цаг үед эрчимжүүлж, шат ахиулах эрмэлзэлтэй тул та бүхнийг дэмжинэ гэдэгт найдаж байна” хэмээлээ. Тэрбээр Япон улсын санхүүжилтээр болон ЖАЙКА олон улсын байгууллагын хүрээнд нийслэлд тулгамдаж буй асуудлуудаар нийслэлийн нутгийн албан хаагчид чадавхыг бэхжүүлэх сургалт, семинарт хамрагдаж, туршлагаас судлах боломж бүрдсэн, дэд бүтцийг сайжруулах, хот төлөвлөлт, удирдлагын чадавхыг бэхжүүлэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар дурдав.