ОнцлохОрон нутаг

“Эрдэнэт хөгжил-2021” форумын үеэр 20 төсөл танилцуулжээ

Технологи, түншлэл, хөрөнгө оруулалт уриатайгаар зохион байгуулж буй “Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн форумын үеэр хөрөнгө оруулалт татах сонирхолтой нийт 16, нийгмийн сайн сайханд чиглэсэн нийт 4 төсөл хөтөлбөрийг танилцууллаа. Эдгээр төслүүдээс онцлон та бүхэнд дараах таван төслийг танилцуулж байна.

1.Тархины харвалт, зүрхний шигдээс нэгжийг орон нутагт нэвтрүүлэх төсөл: Орхон аймгийн хүн амын дунд тохиолдож буй тархины харвалт, зүрхний шигдээсийг эрт оношлох, үр дүнтэй сэргээн засах, дахин харвахаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээний төвийг бий болгох зорилготой тус төслийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас танилцууллаа. Тус төсөл хэрэгжсэнээр зүрх судасны өвчний нас баралтыг 50 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэх юм байна.

2.Тасдагчны ир үйлдвэрлэх төсөл: Тасдагчны ир нь хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарт хамгийн их эрэлттэй байдаг бараа бүтээгдэхүүний нэг боловч энэ төрлийн зах зээлийн дийлэнх хувийг импортын бүтээгдэхүүн орлодог байна. Энэ төрлийн зах зээлийн импортыг орлох зорилгоор тасдагчны ир үйлдвэрлэх төслийг “Бидэрт манхан” ХХК-аас танилцууллаа. Уг төсөлд нийт 679 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд таван жилийн хугацаанд нийт 919 сая төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой гэж төслийн танилцуулгыг хийлээ.

3.Эрдэнэт сувинер төсөл: Тус төсөл нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ирсэн зочдод нутгийн брэнд бүтээгдэхүүн болгон бэлэглэж болохуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготой.  Тодруулбал, Эрдэнэт хотын онцлог шинжийг агуулсан зургийг хөргөгчний наалт, эвлүүлдэг тоглоом, хананы зураг хэлбэрээр хэвлэж, бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх юм байна. Тус төсөлд нийт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэрлэл явуулснаар жилд 13 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн эдийн засгийн тооцооллыг хийжээ.

4.Зэсийн баяжмалыг автоклавын аргаар боловсруулж катодын зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр: Тус төсөл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг автоклавын уусгалтаар боловсруулж, катодын цэвэр зэс гарган авах, байгаль орчинд хор хөнөөл багатай технологийг нутагшуулах, цаашид уусгалтын технологийн давуу талыг ашиглан үнэт ховор металлыг ялган авах туршилтын төвийн үндсийг тавих зорилготой.

5.Хаягдал бичгийн цаас дахин боловсруулах үйлдвэр: Бичгийн цаас үйлдвэрлэхэд зарцуулах модны тоог багасгаж, байгаль орчинд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэх зорилгоор танилцуулж буй уг төсөлд нийт  2,5 тэрбум төгрөг шаардлагатай. Жилд нийт 653 сая төгрөгийн борлуулалт хийж, нийт хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр эдийн засгийн тооцооллыг хийсэн байна. 

Дээрх төслүүд болон бусад 15 төслийн дэлгэрэнгүйг www.erdenetforum.mn сайт болон  төсөл санаачлагчтай холбогдон авах боломжтой юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version